Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дүрвэгчдийн цувааг зогсоохоор Мексик улс цагдаагийн хүчийг хил дээрээ татлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Төв Америкаас АНУ-ыг зорин хөдөлсөн олон мянган дүрвэгчийн цуваа Мексикийн хаяанд тулж ирсэнтэй холбогдуулан тус улс зэвсэглэсэн цагдаагийн хүчийг Гватемалтай залгаа хил рүүгээ төвлөрүүлжээ.

Хэдэн мянган Гондурасын дүрвэгчдийн явган цуваа Гватемалыг нэвт гарч, Мексикийн хил орчмын хотод өчигдөр ирсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ цувааг зогсоохгүй бол үзүүлдэг тусламжаа зогсооно гэж сүрдүүлсэн тул Гватемалын эрх баригчид мөн цэргийн хүчийг Мексикийн хил рүү татжээ.

Солих хувцасгүй, халаас хоосон, зарим нь бага насны хүүхдээ дагуулсан 4,000 орчим дүрвэгч Гондурасаас хөдөлсөн юм. Тэдний түрүүч нь Мексик-Гватемалын хилийн Текун Уман хотод ирээд бусдыгаа хүлээн саатаад байна.

Тэд бөөндөө хил давбал Мексикийн эрх баригчид хүлээж авахаас өөр аргагүй болно гэсэн найдлага тээж байгаа юм. Дүрвэгчид өнгөрсөн Даваа гарагт ийм аргаар Гондурас-Гватемалын хилийг амжилттай давж чадсан байна.

Трамп бас дүрвэгчдийн цувааг зогсоохгүй бол Мексиктэй байгуулсан худалдааны гэрээгээ цуцална гэж сүрдүүлээд байгаа. Гондураст ядуурал, гэмт хэрэг, хүчирхийлэл газар авсан тул иргэд нь илүү сайхан амьдралын төлөө АНУ-ыг зорин хөдөлжээ.

 

Эх сурвалж: AFP