Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Баруун таван аймгийг нийслэлтэй холбох 1,030.2 км хатуу хучилттай замын ажил хэрэгжиж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Говь-Алтайгаас Ховд чиглэлийн зам.

Автозамын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд хийсэн мэдээллээс товчлон хүргэж байна.

Манай улс 112,414.2 км урт автозамын сүлжээтэй. Үүний  15.2 мянган км  нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаарч, тус сүлжээний 42 хувь буюу нийт 6.5 мянган км нь зам нь хатуу хучилттай автозам юм.

Баруун таван аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох 1,030.2 км замын ажил хэрэгжиж байна.

2018 онд 345 км замыг ашиглалтад оруулж, үлдэх 685 км-ийг ирэх онд ашиглалтад хүлээн авна

Одоо чанарт анхаарч, олон улсын жишигт ойртсон хийц, бүтэцтэйгээр төлөвлөх, барьж байх зорилт тавьж байна.
Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг Улаанбаатар хоттой холбох 32.2 км хурдны замыг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад хүлээн авна. Энэ замын үндсэн хийц, хучилтын ажил  ирэх сард дуусахаар байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ болгон өргөтгөж шинэчлэх шийдвэр гарган ирэх онд ажлыг нь эхлэхээр бэлтгэж  байна.
Хотын түгжрэлийг бууруулах зорилгоор дөрвөн томоохон олон түвшний огтлолцол, гүүрэн гарцын барилгын ажлыг БНХАУ-ын Засгийн газрын  хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна.
“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах”, “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц”, “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт төмөр бетон гүүр”, “Сонсголонгийн 289.4 урт төмөр бетон гүүрийг 2019 онд ашиглалтад хүлээн авна.
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замын ажлыг эхлэнэ.  
Баруун бүсийн босоо тэнхлэгийн 756 км замаас үлдэж байгаа хэсэг болох Ховд-Өлгий–Улаанбайшинт чиглэлийн 189.7 км замын 103 км-ыг энэ онд, үлдэх 85.7 км-ийг 2019 онд ашиглалтад  оруулна.  
Ховд-Өлгий–Улаанбайшинт чиглэлийн 189.7 км замын 103 км-ыг энэ онд, үлдэх 85.7 км-ийг 2019 онд ашиглалтад  оруулна.  
Нийслэл, орон нутгийн чанартай  замыг хөгжүүлэхэд 2018 онд 35.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан дагаж мөрдөх журмуудыг боловсруулж, батлуулан мөрдүүлж байна. Үүний дүнд авто замын салбарын хууль, эрх зүйн орчин боловсронгуй боллоо. Энд хариуцлагын тогтолцоог нарийвчлан тусгаж өгсөн. 
Авто замын тухай хуулиар “тусгай зориулалтын автозам” гэсэн шинэ ангилал бий болсон. Энэ дагуу тусгай зориулалтын замыг нэгдсэн бодлоготой төлөвлөх, барих, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах, засварлах, хяналт тавих зохицуулалтыг тодорхой болгох журмын төслийг боловсрууллаа.
Байгаль, экологийн тэнцвэрт байдал, тухайн бүс нутгийн ард иргэдийн ахуй амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцлийг хангасан хатуу хучилттай автозамаар тээвэрлэлт хийх зарчим баримталж байна.
Өнөөдөр улсын чанартай хатуу хучилттай замын сүлжээний 29 хувьд нь ээлжит засвар, 20 хувьд нь их засвар, шинэчлэлт хийх хугацаа болсон, зайлшгүй засварлах шаардлагатай болжээ.
Санхүүжилтээс шалтгаалан засвар, арчлалтыг  хугацаанд нь хангалттай хийж чаддаггүйгээс муудаж, эвдрэл даамжирч, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.
Өнөөг хүртэл жилд шаардагдах хөрөнгийн 36 хувь буюу 20 тэрбум төгрөгийг засвар арчлалтад зарцуулж байсан. Ирэх онд үүнийг 30 тэрбум төгрөг болгон нэмсэн нь жилд шаардлагатай 55 тэрбум төгрөгийн 54.5 хувьтай тэнцэхүйц байна. Цаашид хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлагатай.

Төрөөс автозамын талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэ баримт бичиг гарснаар  замын сүлжээг хөгжүүлэх, ашиглалтын бэлэн байдлыг хангах, чанар стандартыг дээшлүүлэх, хууль, эрх зүйн орчин, байгууллагийн тогтолцоо, менежментийг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх зэрэг бодлого, чиглэл тодорхой болно гэж үзэж байна гэсэн мэдээллийг өглөө.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс