Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулгад Ирланд, Вьетнам улсын Ерөнхий сайд нар бараалхав

ikon.mn
2018 оны 10 сарын 19
iKon.MN
 

Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Ирланд улсын Ерөнхий сайд Ан Таоисэч Лео Варадкар өчигдөр бараалхлаа.

Уулзалтын эхэнд Ирланд улсын Ерөнхий сайд Ан Таоисэч Лео Варадкар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцаж байгаадаа талархал илэрхийлээд, 10 гаруй жилийн өмнө Монгол Улсад 3 долоо хоногийн турш ажиллаж байснаа дурсан ярилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ирланд улсын Хөдөө аж ахуйн салбарын хөгжил, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүний экспортын орлого 4 тэрбум ам. долларт хүрсэн гэсэн мэдээлэл авснаа дурдаад, Монгол Улсын малын тоо 80 сая дөхөж байгаа  учир малын гаралтай түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь Монгол Улсын хөгжилд ихээхэн чухал гэдгийг онцлов.

 

Мөн тус улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийг сонирхож, ярилцав. Тус улс жилд дунджаар 16 сая жуулчин хүлээн авдаг тул Ирландын аялал жуулчлалын салбарын туршлагыг Монгол Улс сонирхож байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн талууд Монгол, Ирланд улсын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхэд түлхүү анхаарах болон олон улсын түвшинд харилцан нэгнээ дэмжиж ажиллах зэрэг асуудлаар санал солилцож, ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук бараалхав
 

Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуан Суан Фук бараалхлаа.

Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуан Суан Фук АСЕМ-ын уулзалтын үеэр цаг зав гарган уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаад худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх асуудлыг хөндөн ярилцав.

Тухайлбал, ноён Нгуан Суан Фук нүүрс, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний гол түүхий эд болох ноосон утас, арьс шир гэх мэт бүтээгдэхүүнийг Вьетнам улс нь Монголоос импортлон,  манай улсад элсэн чихэр, кофе, хүнсний ногоо, жимс экспортлох боломжтой талаар танилцуулсан юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн чухлыг онцлоод, Хүнс, Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад айлчилж, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, менежмент зэргийг судалж байсан тухайгаа ярьж, энэ чиглэлээр худалдааг нэмэгдүүлэх олон боломж байгаа талаар санал солилцсон юм. 

 

Мөн хоёр орны хамтын ажиллагааг соёл урлаг, спортын салбарт улам идэвхтэй хөгжүүлж, дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулах саналаа илэрхийллээ.

Талууд хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимтэй хөгжүүлэх болон олон улсын түвшинд харилцан бие биеэ дэмжин ажиллах талаар мөн санал солилцов.

 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба