Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

"УИХ-ын гишүүн, сайд, төрийн том албан тушаалтнууд хүүхдийн мөнгө авахгүй байхыг уриалж байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн өргөн мэдүүлсэн хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох тогтоолын төслийг Төсвийн Байнгын хорооны хуралдаанаар дэмжиж УИХ-ын чуулганд танилцуулсан юм.

Тогтоолын төсөл санаачлагчын нэг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгийг өгөх нь зөв гэж бодож байгаа. Хүнийхээ төлөө төр нь ажилладаг Япон улс гэхэд сар бүр 10,000 иенийг хүүхдүүддээ өгч байгаа. Дэлхий дээр хүүхдийн мөнгийг хамгийн бага өгдөг нь Монгол Улс.

Нэгдүгээрт, хүүхдийн мөнгөөр таван кг гурил, 3 кг будаагаа авч амьдралаа залгуулж байгаа олон зуун мянган айл, өрх байгаа шүү гэдгийг хэлье.

Хоёрдугаарт, хүсэлт гаргасан хүүхдэд мөнгийг өгнө гэдэг бол 100 хувь өгөх биш. Боломжтой, бололцоотой айлын хүүхдүүдэд өгөхгүй байх бүрэн боломж бий. Би далчигнасан шийдвэр гаргаагүй. Монголын бүх хүүхдүүдэд мөнгө өгөх шийдврийг манай Засгийн газрын үед гаргаж байсан. Тэрийгээ бол хамгаална. Хэзээ ч хэлнэ. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шийдвэр нь хууль зөрчсөн гэж огцорч ч байсан.

Хууль зүйн яам нурж уначихаагүй л байгаа. Ажлаа явуулж байгаа байр байшинтай. 2019 оны төсөвт Хууль зүйн яамны контор барихад 4 тэрбум төгрөг тавьчихсан байгаа.  4 тэрбум төгрөгөөсөө татгалзаад, шинэ контор барьж тансаглахаа больж монголын ард түмний хүүхдэд мөнгө өгөх хэрэгтэй.

Монголын ядарсан айлын хүүхдүүдэд мөнгө өгье гэхэд юунд уурлаад байгаа юм бэ. Хүүхдийн мөнгийг шийдвэр гаргаж байгаа УИХ-ын гишүүд өөрсдөө авах гэж байгаа биш. УИХ-ын гишүүн, сайд нар, төрийн том албан тушаалтан, дарга нар хүүхдийн мөнгө авахгүй байхыг УИХ, Засгийн газар уриалж болно ш дээ. Би уриалж байна. 

Үнэхээр авья гэж хүсэж байгаа, эм тарианд нь хэрэг болж байгаа айлуудад нь өгье гэж энэ тогтоолын төслийг оруулж ирж байна. Баталж өгөөч.

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс юмуу зургаадугаар сарын 1-нээс мөнгийг нь олгоход 13 тэрбум төгрөг л шаардагдана" гэв.

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тогтоолын төсөл УИХ-ын босгыг арайхийж давлаа

Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Монгол төрийн хамгийн том бодлого хүн амаа өсгөх бодлого байх ёстой. Энэ бодлогыг үеийн үед хэрэгжүүлж ирсэн. Социализмын үед жилдээ нэг удаа хүүхдийн мөнгө олгодог байсан нь гэр бүлд маш том хөрөнгө оруулалт болдог. Энэ ажил 2006 он хүртэл ерөнхийдөө зогссон. Энэ үеэс эхлээд 0-3 насны хүүхдэд 3,000 төгрөг олгож эхэлсэн. 2011, 2012 оноос 0-18 насны бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан.

Өнгөрсөн Засгийн газрын үед буюу 2015 онд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор хүүхэд бүрт биш нийт хүүхдийн 60 хувьд нь олгож байсан. Өнгөрсөн хавар хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгохоор болсон. Үүний цаана хүүхэд болгонд хүүхдийн мөнгө хэрэгцээтэй байна. Орон нутгийн ард иргэдийн амьдралд хүүхдийн мөнгө маш том дэмжлэг үзүүлдэг.

Иргэдтэй уулзахад “Хүүхдийн мөнгө бидэнд их хэрэгтэй байдаг” гэж ярьж байсан. Үүнтэй холбоотой УИХ-ын нэр бүхий 13 гишүүн хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох УИХ-ын тогтоолын төслийг санаачилж, сая УИХ-ын босгыг арайхийж давлаа. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг шүүмжилж байгаа гишүүдийн хувьд үүний оронд ажлын байр бий болгох хэрэгтэй, ОУВС-тай тохиролцсон хөтөлбөр зогсохвий гэж ярьж байна.

Гэхдээ энэ бол том шалтгаан биш шалтаг. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоход 80 хувьд нэмэгдэх нь 5-10 хувь буюу 50-100 мянган хүүхдийн тоо нэмэгдэнэ. Бидний хийсэн судалгаагаар 13.5-27 тэрбум төгрөг төсөвт нэмэгдэх тооцоо гарч байгаа. Боломжтой айлын хүүхэд хүүхдийн мөнгө авахгүй байж болно гэдэг агуулгаа зөвөөр ойлгуулвал одоо олгогдож байгаа 80 хувь буюу 205 тэрбумд хүүхдийн мөнгө олгогдоод явах бүрэн боломжтой.

Улсын төсвийн зардал өнгөрсөн жилийнхээс хоёр их наядаар нэмэгдсэн. Дотроо урсгал зардал бензин, гадаад томилолт, бичиг цаасны зардалд 260 тэрбум төгрөг нэмэгдсэн. Энэ 260 тэрбумынхаа 5 хувийг хүүхдийн мөнгөнд зарцуулахад хүсэлт гаргасан хүүхэд бүхэн хүүхдийн мөнгөө авах бололцоотой” гэлээ.

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 60.8 хувь нь дэмжснээр "Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгох" тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.