Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвөөр Нийтийн сонсгол хийх хүсэлтээ албан ёсоор өргөн барилаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн З.Нарантуяа Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар төсвийн хяналтын Нийтийн сонсгол хийх санаачилгаа УИХ-ын даргад өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Сангийн яам УИХ-д төсвийн тухай хуулийг өргөн барихдаа мэдээллүүдээ тийм ч дэлгэрэнгүй өгөөгүй. Тиймээс Төсвийн Зарлагын хяналтын дэд хороо төсвийн зарцуулалт нэг бүрийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж хуралдсан. 

Энэ хуралдаанаар гишүүдээс хоёр асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Энэ онд бид анх удаа 10 их наядаас давсан зарлагатай төсөв батлах гэж байна. 2019 оны төсвийн зарлагыг авч үзвэл манай хөрөнгийн зарлага 66.7 хувиар нэмэгдээд байна. Нийтдээ сургууль,  цэцэрлэгийн барилга болон  бусад хөрөнгө оруулалтуудад 2.7 их наяд  төгрөг төсөвлөжээ.

Гэтэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон энэ чиглэлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ирэх онд ердөө 2.4 тэрбум төгрөг төсөвлөөд байна.

Уг нь өнгөрсөн онд энэ асуудалд 6.4 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Бид хүүхдээ хамгаалах төсвөө нэмэх бус бууруулж байгаа нь оновчтой бодлого биш юм. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлээр Нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргаж байна. Нийтийн сонсголын тухай хуулийн 4.2.4-т зааснаар Төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг хийхээс өмнө тухайн асуудлаар Ниийтийн сонсгол зохион байгуулж өгөөч гэж байгаа юм. Учир нь хоёр дахь хэлэлцүүлгээс өмнө зардалтай холбоотой асуудлыг ярьж байж ирэх оны төсөвт хүүхдийн хөгжил хамгаалалтай холбоотой илүү их төсөв батлуулах боломжтой.

Түүнчлэн төсвийн хуваарилалтын бодлого, зарчим хэр оновчтой байна вэ гэдгийг эргэж харах шаардлага байгаа. Бүх төсвийн хөрөнгийн 66.6 хувиар зөвхөн төсвөөс санхүүжигдэх санхүүжилтээр хөрөнгө бэлдэж байна. Үүнийгээ дагаад хөрөнгийн урсгал зардал нэмэгдэнэ. Гадаадын зээл тусламж хэр оновчтойгоор эдийн засгийн дунд болон урт хугацааны бодлоготой хэр нийцэж байна вэ гэдгийг анхаарч үзэх цаг болсон. Тийм учраас хоёр дахь санал нь гадаадын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтын асуудлаар нээлттэй ярилцах явдал юм. Энэ чиглэлээр Нийтийн сонсгол явуулах хүсэлтээ мөн адил өргөн барина” гэлээ. 

УИХ-ын эмэгтэй гишүүд 2018 оны төсөвт хүүхэд хөгжил, хамгааллын асуудалд зарцуулах мөнгийг таван тэрбумаар нэмэгдүүлж 6.4 тэрбум төгрөгт хүргэсэн. Гэтэл энэ чиглэлийн ажилд хамгийн багадаа 11 тэрбум төгрөг шаардлагатайг НҮБ-ийн Хүүхдийн Сангаас судлан тогтоогоод байгаа билээ. 
Тиймээс ч 2018 онд 6.4 тэрбум төгрөгийг оновчтой зарцуулж чадсан эсэх мөн 2019 онд энэ төсвийг ядаж бууруулахгүй байх үүднээс холбогдох бүх албан тушаалтныг оролцуулан Нийтийн сонсгол явуулах санаачилгыг Ikon.mn сайт гаргаад буй нь ийн ажил хэрэг болоход ойртлоо. 

Энэхүү санаачилгыг УИХ дахь эмэгтэй гишүүд тэр дундаа З.Нарантуяа, Д.Оюунхорол, Н.Амарзаяа нар идэвхтэй дэмжин ажиллаж байна. Мөн бид энэ санаачилгыг дэмжиж буй УИХ-ын гишүүдийн байр суурийг цувралаар хүргэсээр байгаа билээ. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн УИХ-ын даргад өргөн барьсан хүсэлттэй бүрэн эхээр нь танилцана уу,