Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын консулын байр руу ханхүүгийн шадар хүн орж байгаа гэрэл зургийг нийтэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Туркийн өдөр тутмын сонинд Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салманы аюулгүй байдлыг хангадаг шадар хүн сэтгүүлч Жамал Хашоггиг сураггүй болдог өдөр Истанбул дахь консулын газарт ирж байгаа гэрэл зургийг нийтэлжээ.

Ханхүүгийн бодлогыг шүүмжлэн бичдэг байсан сэтгүүлчийн амийг хөнөөлгөхөөр Саудын Арабаас 15 хүнтэй алуурчдын баг илгээсэн гэж Туркийн мөрдөгчид мэдээлээд байгаа. Тэгвэл зураг дээр дүрслэгдсэн Махер Абдулазиз Мутреб гэгч нь тэдний ахлагч ажээ.

Мутреб өмнө нь ханхүүг АНУ-д айлчлахад дэргэд нь хамт явж байсан юм.

 

Сабах сонин Мутребыг “цаазлах багийн толгойлогч” гэж нэрлээд консулын газарт Хашоггийг ирэхээс гурван цагийн өмнө ирсэн гэж мэдээлжээ.

Хяналтын камернаас буулгасан гэрэл зургууд дээр Мутреб консулын газарт ирж байгаа, сүүлд том цүнхтэй зочид буудал руугаа орж байгаа, дараа нь нисэх онгоцны буудал руу явсан зэргийг цаг хугацаатай нь харуулсан байна.

 

Лхагва гарагт Туркийн Ени Сафак сонинд Хашоггийг алуурчид тамлан зовоож, хуруунуудыг нь тасалсны дараа толгойг нь авсан гэж мэдээлсэн юм. Тэд уг мэдээллийг Туркийн мөрдөгчдийн цуглуулсан баримтуудаас олж авснаа дурджээ.

Өчигдөр Саудын Араб, Туркээс буцаж ирсэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мөрдөх ажиллагаагаа эцэслэн дүгнэхэд нь дахин хэдэн өдрийн хугацаа Саудын эрх баригчдад хэрэгтэй байгааг Дональд Трампад мэдээлсэн байна.

Өчигдөр Дональд Трамп сэтгүүлчдэд ярихдаа Жамал Хашогги алагдсан нь тодорхой болсныг дуулгажээ. Тэрээр хэрвээ аллагад Саудын Арабын эрх баригчид буруутай нь тогтоогдвол хатуу шийтгэл онооно гэж энэ үеэр амласан байна.

Сэтгүүлч Жамал Хашогги аравдугаар сарын 2-ны өдөр Истанбул дахь өөрийн улсын консулын газарт очсоны дараа сураггүй алга болсон юм.

Саудын Арабын засгийн газар сэтгүүлчийг хаана байгаа талаар ямар ч мэдээлэлгүй байгаа болон энэ хэрэгт буруугүй гэдгээ удаа дараа мэдэгдээд байна.

 

Эх сурвалж: AFP