Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхсайхан: Тарифын дайнд Монгол Улс хамгийн их өртөх магадлалтай

Д.Мягмардорж
2018 оны 10 сарын 19
Үндэсний шуудан
Зураг зураг

Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд М.Энхсайхан "Дэлхийн эдийн засгийг зураглах нь" сэдвээр илтгэл тавьж, чөлөөт ярилцлага өрнүүлснийг тоймлон хүргэж байна.

ХУДАЛДААН Ы ДАЙНЫ АРДАХ ГЕОПОЛИТИКИЙН ЗӨРЧИЛДӨӨН

Дэлхийн II дайны дараа ертөнц дээр тогтсон дэг журам хямралд ороод байна уу, үгүй юу гэдэг дээр олон улсын эрдэмтдийн дунд маргаан өрнөж байна.

Дайны дараа “Улс үндэстэн бүхэн хожно” гэдэг үзэл баримтлал АНУ-ын манлайлалтайгаар дэлхий ертөнцөд түгж дэлгэрсэн. Одоо америкчууд манлайллаасаа татгалзаад байгаа юм шиг байр суурь гаргаж байна. БНХАУ 2001 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд, барууны орнуудын зүгээс Хятадын улс төрийн систем арчигдана гэсэн хүлээлттэй байжээ. Үнэн хэрэгтээ тийм зүйл болоогүй. Тиймээс АНУ болон барууныхан Хятадын зах зээлийн статусыг зөвшөөрөхгүй байгаа. Хятад Улс хөгжлийнхөө явцад төрийн өмчит компаниудаараа дамжуулан зах зээлийг эзэлсэн, дэлхийн худалдаанд шударга бус оролцож байгаа гэдэг шалтгаанаар зөвшөөрөхгүй байна.

Худалдааны дайны ард геополитикийн асуудал яригдана. Өнгөрсөн зургаадугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ асуудлыг хариуцсан албан тушаалтнууд, эрдэмтдийнхээ өмнө үг хэлсэн. Хэлсэн үгэндээ, глобал засаглалыг өөрчлөхөд бэлэн байхыг Хятадын удирдлагуудад зарласан. Мөн 2049 онд тохиох БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой гэхэд супер гүрэн байгуулахаа зарласан.

Хятад улс 2017 онд анхны цэргийн баазаа Жибүтид байгуулсан. Дэлхийн 35 орны 76 далайн боомтод Хятадын төрийн компаниуд хяналтын багц эзэмшиж байна. Хэдийгээр БНХАУ өөрийнхөө загварыг бусад оронд тулгадаггүй гэж ярьдаг боловч Африкийн 10-аад оронд олон нийтийн сүлжээгээр хэрхэн нийгмийг оюун ухааныг залах талаар байнгын сургалт хийж тусалдаг тухай мэдээлэл цацагдсан. Өөрөөр хэлбэл, Хятад Улс дэлхийн дэг журмыг өөрчлөх хүсэлтэй, тийм бололцоотой гэдгээ албан ёсоор зарласан юм.

Түүнээс хойш АНУ, Европын орнууд болон Хятадын хоорондох геополитикийн зөрчил хурцдаж, худалдааны дайны хэлбэрээр явж байна. Хойд хөршийн хувьд ЗХУ задарсан явдлыг геополитикийн хамгийн том сүйрэл гэж тодорхойлдог. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 10 жилийн өмнө Орос орон Европтой ойрхон ажиллаж, Владивостокоос Лиссабон хүртэл нэг үнэлэмжийн дор чөлөөт худалдаа хөгжүүлэхийг ярьж байсан хүн. Одоо энэ асуудал 180 градус эргэж, Дорно зүг рүү илүү харж эхэлсэн. Дорно зүг рүү харсан нүүдлээ агуу Петр хааны бодлогын үргэлжлэл гэж тайлбарлаж байгаа.

Орос оронд экспортлох үзэл санаа, хөгжлийн загвар байхгүй. Харин Хятадын “Нэг бүс, нэг зам" стратегийн тухайд үндсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй. Далайн торгоны зам, их газрын коридор гаргахаар зурагласан. Гэхдээ энэ бүхний эцэст эдийн засгийн үр ашгийн тооцооны тухай асуудал яригдана. Ялангуяа манайхаар дайрах коридор эдийн засгийн үр ашигтай төсөл санал болгож чадахгүй. АНУ-ын зүгээс дэлхий дээр нэг орон “Нэг бүс, нэг зам” ярьж байгааг шүүмжилсэн. Хятад албан ёсны нэршлээ “Бүс ба замын санаачилга” гэж өөрчилсөн. Гэхдээ манай телевизүүдээр явж байгаа Хятадын нэвтрүүлгүүдийг сонсохоор “Нэг бүс, нэг зам” гэсэн яриа хэвээр байх жишээтэй.

ХЯТАДУУД ОХУ-ЫН БАЙГАЛИЙН ХИЙГ ЗҮҮН ТАЛААРАА АВАХ СОНИРХОЛГҮЙ

Хэдхэн жилийн өмнө В.Путин, Ши Жиньпин нарын хооронд том гэрээ байгуулж, Сибириэр дамжуулан Хятад хүртэл хийн хоолой тавих төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Цаг хугацааны хувьд одоо ашиглалтад орох хугацаа нь болчихсон. Гэтэл өнөөдөр төслиин талаар хоёр талын хэн нь ч хөндөж ярихгүй байгаа. Ажил явж байгаа гэдэг мэдээлэл тарааж байгаа боловч хийн хоолойн төслийн тал нь хийгдсэн. Нөгөө тал нь эдийн засгийн үр ашгийн асуудлаас болоод гацсан байдалтай байгаа.

Хятадын мэддэг хүмүүстэй уулзаж байхад, ОХУ-ын байгалийн хийг зүүн талаараа авах сонирхолгүй юм билээ. Баруун талаараа хийн хоолой авахад Монголын асуудал хөндөгдсөн. Гэхдээ оросууд Украйнтай асуудал үүсгэснээс болоод өөр орны нутгаар хийн хоолой дамжуулахаас цааргалах болсон. Казахстан, Монгол хоёрын хилийн заагаар хийн хоолойгоо тавихаар анхны зургаа хийсэн байдаг. Тэр газар нь далайн төвшнөөс 3,500 метр өндөр, мөнх цэвдэг учраас техникийн талаасаа хүндрэлтэйн дээр асар өндөр өртөгтэй. Тиймээс оросын эрдэмтэд хийн хоолойгоо Хятад руу зөв оруулъя гэвэл Увс аймгийн нутгаар түргэхэн ороод гарах тухай ярьдаг юм. Энэ бол зөвхөн яриа, шинжлэх ухааны маргааны төвшинд байгаа асуудал. Бодит ажил хэрэг болох ямар ч хөдөлгөөн хийгдээгүй. Нөгөө талаар Хятад, Европ аль аль нь Оросоос байгалийн хийн хараат байхыг хүсэхгүй байгаа.

Эрчим хүчний харти гэж олон улсын гэрээ хэлэлцээр бий. Монгол Улс 1997 онд энэ баримт бичигт нэгдэн орсон. Энэ гэрээгээр хий, газрын тос гэх мэт эрчим тээвэр, худалдааг зохицуулдаг. Хятад болон Орос энэ олон улсын хэлэлцээрт ажиглагчийн статустай учраас үүнийг зөвшөөрдөггүй. Манайд Хятад мөнгөтэй, юмыг сайн хийдэг гэх суртал ухуулга явдаг. Яг үнэн хэрэг дээрээ хятадууд том төсөл дээр асар их алдаа хийж байгаа үзүүлэлт бий. Олон тэрбум ам.долларын том төслүүд засаглалаасаа болоод үр ашиггүй болоод унаж байгаа тохиолдлууд байна. Тэр нь улс орон дотроо маш том маргаан үүсгэх болсон.

ХУДАЛДААНЫ ДАЙН ДААМЖИРВАЛ ЭКСПОРТЫН ТАТВАР 50 ХУВЬД ХҮРЧ БОЛЗОШГҮЙ

Америк Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайны хохирогч нь хэн байх вэ гэхээр зах зээл өөрөө юм.

Судалгаагаар, худалдааны дайн дээд цэгтээ хүрвэл, Америкийн экспорт 30 хувь, Европынх 35 хувь, Хятадынх 40, Монголынх 50 гаруй хувийн татвартай болох тооцоо гарсан байна.

Тэгэхээр бидний хувьд ийм хэмжээний дайн битгий болоосой гэж дотроо залбирах л ёстой болж байна. Хамгийн их хохирол амсах магадлалтай орны тоонд эдийн засагт нь худалдааны үүрэг өндөртэй орнууд орж байгаа юм. Монгол Улс 12 тэрбум ам.долларын эдийн засагтай, жилд есөн тэрбумын гадаад худалдаа хийдэг. Худалдааны дайн газрын тосны зах зээлд нөлөө үзүүлж байгаа. Газрын тосны үнэ сүүлийн 3-4 cap дараалан өслөө. Энэ өсөлт ОХУ-д их завшаан болж байна. Бид ОХУ-аас шатахуунаа авдаг учраас хүнд тусах нь ойлгомжтой. БНХАУ дотроо дөрөв тав хуваагдсан зах зээлтэй. Төмөр зам нь хахчихсан учраас зах зээл тус бүрийн ханш өөр тогтдог. Хамгийн хямд нь манай урд хэсэг болох Хятадын хойд зах зээл. Дээр нь Хятадын коксжих нүүрсний үйлдвэрүүд далайн эрэг рүүгээ нүүж байгаа. Тэгэхээр бид экспортлох хэмжээгээ нэмж чадахгүй юм шиг байна.

Геополитикийн зодоон Монголыг ч нөмөрч магадгүй. 

Дүгнээд хэлэхэд, АНУ манлайлахгүй гээд байгаа боловч бодит байдал дээр манлайлахаас өөр аргагүйд хүргэж байгаа. Нөгөө талд нь Хятад том амбийц гаргаад байгаа боловч АНУ-ын үүрэг оролцоог гартаа бүрэн авч чадахгүй юм байна. Том гүрнүүдийн хооронд өрнөж буй худалдааны дайн хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхой бус байгаа. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарна. Гадаад эдийн засгийн орчин улам бүр ээдрээтэй болно. Энэ геополитикийн зодоон Монголыг ч нөмөрч магадгүй. Манай эдийн засгийн эмзэг байдал маш их нэмэгдэнэ. Дэлхийн худалдааны дайн даамжирвал их хохирох улс нь Монгол. Бараг эхний тавд жагсах байх.

ЕСӨН САЯ ХҮНТЭЙ БҮС НУТАГТ ИНТЕГРАЦ ХӨГЖИХГҮЙ

Монгол Улсаар дамжин эдийн засгийн коридор байгуулж, Алс дорнод, Сибирь, Хятадыг холбосон бүс нутгийн интеграци хийж чадах уу гэвэл, миний ойлголтоор лав чадахгүй. Яагаад гэвэл, Алс дорнод Сибирьт ОХУ-ын зургаан сая хүн амьдардаг. Восточныд болсон уулзалт дээр В.Путин очсон. Тэгэхэд анх удаа бүс нутаг, манайхтай холбоотой асуудлаар нэг үнэн үг дуугарах шиг болно лээ. “Бидний эцсийн зорилго бол хүн амаа л ихэсгэх юм байна" гэдгийг хэлсэн. ОХУ-ын Дорнод хэсгийн зургаан сая хүн ам, Монголын гурван саятай нийлээд интеграци хөгжүүлнэ гэдэг ойлголт үндсэндээ байхгүй. Үүнийг олон судлаачид хэлж байгаа.

ШХАБ-Д ЭЛСЭХ АСУУДАЛД ХӨДӨЛГӨӨН УДААНТАЙ БАЙХАД ГЭМГҮЙ

Дэлхийн эдийн засаг глобалчлагдах үйл явц дунд бүс нутгийн интеграци хүчтэй хандлагатай болж байна гэдэгтэй санал нэгдэнэ. Энэ асуудалд Монгол Улс болгоомжтой хандаасай гэж бодож байна. Тухайлбал, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг эдийн засгийн интеграци уу, эсвэл цэрэг, улс төрийн нэгдэл үү гэдэг асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Энэ талаас нь харвал, монголчуудын хувьд тийшээ орох гэж яарч сандрах зүйл байхгүй. Тэр тусмаа Хятад, Америкийн хооронд худалдааны дайн хүчтэй болж байгаа энэ үед аль аль нь стратегиудаа самрах шинжтэй болж байна. Нэг хэсэг Хятадын зүгээс “Нэг бүс, нэг зам" стратегиа тууштай ярьж байсан бол одоо юу ч болж хувиргахыг нь мэдэхгүй байдал үүсээд байгаа. Тийм учраас хөдөлгөөн удаантай байхад гэмгүй гэж би хувьдаа бодож байна. Харин хавирга хавийнхаа оронтой чөлөөт худалдааны гэрээ хийх гээд гүйж байсан нь дээр байх. Монгол Улс ганцхан Япон Улстай чөлөөт худалдааны гэрээтэй.

Зураг