Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Насанд хүрэгсэд амьдралын буруу хэв маягаас чих, хамар хоолойн өвчтэй болж буйгаа анзаардаггүй"

О.Булган, iKon.mn
2018 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өвлийн улирал ойртож, хүйтэн сэрүүний улирал солигдоход хоолойн өвчлөл, ханиад томуу, томуу төст өвчний илрэл ихэсдэг билээ. Тэгвэл насанд хүрэгсэд болон бага насны хүүхдийн хоолойн өвчлөлийн шалтгаан өөр өөр байдаг аж.

Энэ талаар “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн чих, хамар хоолойн эмч Ю.Баянмөнхтэй ярилцлаа.

-Ер нь хоолойн өвчлөл ямар зонхилох шалтгаанаар бий болдог вэ?

-Бага насны хүүхдүүдийн дунд ханиад хүрэх, хоолой өвдөх гол шалтгаан нь бактери болон вирусийн гаралтай ханиад халдварласнаас болдог.

Харин насанд хүрэгсдийн дунд ихэвчлэн буруу хооллолт, бариу хувцас өмсөх, хэт их хүчиллэг агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс болж ходоодны хүчлэлийн ялгарал бий болж хоолойг түлдэг, гэвч үүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Мөн хүмүүс өглөө бүр лимон, зөгийн балтай ус, кофе маш ихээр ууж байна энэ нь хоолойг амархан түлдэг. Эдгээр уух зүйлсээс гадна шоколад, халуун ногоотой хоол их хэмжээгээр идэх, хоол идсэний дараа шууд хэвтэх зэрэг буруу дадал хэвшлээс болж хоолой гэмтэж, урт хугацаандаа хоолойн өвчлөлийг бий болгож байна. Хоолойны өвчлөлийн үр дүнд хүмүүс ханиалгах, зүрх дэлсэх, хоолой хөндүүрлэх, боох, цээж хорсох зэрэг зовиур илэрдэг.

-Тань дээр эмчлүүлэхээр ирж буй хүмүүсийн дийлэнх нь ямар шалтгаанаар өвдсөн байдаг вэ?

-Бактери болон вирусийн гаралтай, халдвараар ханиад хүрснээр хоолой нь идээллэх, хүндүүр оргих зэрэг шалтгаанаас гадна өмнө дурдсанчлан буруу хооллолт, хэт бариу хувцас өмсөх, хоолоо сайн зажиллаж идэхгүй байх, ус бага уух зэрэг шалтгаанаас болж улаан хоолой түлэгддэг тохиолдол их байна. Мөн архи, тамхидалт, хэт их амтлагчтай хоол хэрэглэх зэрэг үүнд багтаж байна.

-Хэрэв хоолой түлэгдэж, өвдсөн тохиолдолд ямар эмчилгээ хийлгэх нь хамгийн үр дүнтэй байдаг вэ?

-Энэ үед хоолны шингэцийг сайжруулж, хэрэглэж буй хоолондоо анхаарал хандуулж, хүчиллэг багатай хоол хэрэглэхийг эрмэлзэх хэрэгтэй.

Мөн амьдралын хэв маягтаа анхаарч, сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг багасгах тал дээр анхаарах хэрэгтэй. Гаазтай ундаа, кофе, хэт их гаатай чихэр, лимон зэрэг хүчиллэг ихтэй зүйлсээс татгалзаж, бага хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна. Ер нь нилээн удаан хугацаанд хоолны зөв бус хэв маягтай явсны эцэст өөртөө органик өөрчлөлтөө олж аваад, өөрчилсөн байдаг.

-Утааны улирал эхэлж байна, үүнтэй холбогдуулан утаанаас болж чих хамар хоолойн өвчлөл хэрхэн илэрдэг вэ?

-Ер нь улирал солигдоход тухайн болж буй улирлын онцлогоосоо хамаараад өөр төрлийн өвчлөл гардаг. Жишээ нь зуны улиралд харшил, өвөл ханиад гэх мэт.

Хамар гадаад орчноос орж ирж буй агаарыг барьж аваад, өөртөө шингээсний үр дүнд нус болгон гаргадаг. Харин утааны жижиг тоос, тоосонцрууд нь маш жижиг ширхэгтэй байдаг тул хамранд баригдалгүй шууд амьсгалагдан, уушги руу ордог тул утаанаас болж хордох гаж нөлөө ихээр илрэх болсон.

Утаанаас болж ханиалгах, хамар хатах цаашлаад уушгинд бөглөрөл үүсгэх аюултай байдаг. Тийм учраас утааг шүүх зориулалтын маск хэрэглэх нь зүйтэй юм.

-Тань дээр яг утаанаас болж хамар хоолой нь зовиурлаж, өвдсөн хүн хэр их ирдэг вэ?

-Ер нь бол их ирдэг, хоолой хамрын өвчнөө эмчлэхгүй удаан явсаар астматай болдог. Ид утааны үед манай чих, хамар хоолойн тасаг болон уушгины тасгийн эмч нар үүн дээр илүү анхаарч ажилладаг.

Хүмүүс хамраараа биш амаараа амьсгалах нь зөв гэж боддог. Гэвч энэ нь маш буруу юм. Хүн амаараа амьсгалахаар хоолой, ам нь хатдаг, түүнээс болж хоолой нь өвдөх гэх мэт дараагийн өвчинг бий болгох магадлалтай байдаг. Хэрэв хамар битүүрсэн, өвдсөн эсвэл мурийсан зэрэг ямар нэгэн зовиуртай байвал түргэн эмчлүүлэх хэрэгтэй.

-Өвөл болж буй энэ үед гэртээ чих, хамар хоолойн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, ханиад томуу хүрэхгүй байх ямар арга хэмжээ авч болох бэ?

-Хамраа сайн цэвэрлэж, чийгшүүлэх хэрэгтэй. Мөн өрөө, тасалгааны агааржуулалтыг сайн хийж, агаарын солилцоог сайжруулж байхыг зөвлөж байна. 

Хэрэв та бүхэн чих хамар хоолойн архаг өвчтэй бол түүнтэйгээ удаан явж болохгүй ба эмчлүүлж эрүүлжүүлэх шаардлагатайг ойлгох хэрэгтэй. Учир нь хүмүүс нэг өвдөөд ирсний дараа эмчлүүлээд, хэсэг өвчин намдаад гайгүй болохоороо л алга болчихдог.

Харин дахиж өвдөхөөрөө буцаад хүрээд ирдэг, ингэсний оронд нэг мөсөн эмчлүүлж авах хэрэгтэй. Мөн хоолой, хамрын архаг өрөвсөлтэй байж огт болохгүй учир нь энэ өвчин нь эргээд бусад бие эрхтэнд нөлөөлөх магадлалтай байдаг.

-Ярилцсанд баярлалаа.