Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд иргэдийн төлөөллийг оруулж байхыг хүслээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг:mpa.mn

Иргэний хөдөлгөөнүүдээс “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хурлыг хууль бусаар зохион байгуулсан талаар эсэргүүцэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль бусаар зохион байгуулж, эрх барьж буй улс төрчдийн эрх ашгийг хамгаалсан, компанийн засаглалын муу хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа тул нийт хувьцаа эзэмшигч ард түмнийг энэ асуудалд анхаарал хандуулахыг тэд хүслээ.

“Нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн А.Эрдэнэбаяр “Монголчууд бүгд Эрдэнэс-Тавантолгойн 1,072 хувьцааг эзэмших эрхтэй болсон. Гэвч энэхүү хувьцааг ард түмэн эзэмшиж эхэлснээс хойш ямар ч хувьцааны ач тус, ашиг шим хүртээгүй байсаар өдийг хүрснийг та бүхэн мэдэж байгаа. Хувьцаа эзэмшигчдийн хурал болж байхад иргэд бид үүнийг мэдэхгүй байсаар байна.

Мөн монголын ард түмэнд ашиг хүртээх бус хохирол учруулах гэрээнд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийнхөн гарын үсэг зурсаар ирсэн. Өнгөрсөн жил буюу 2017 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийт 21 удаагийн гэрээ үйлдсэн, үүнд багтсан нүүрс борлуулах гэрээ нь ямар ч ашиггүй, харин эрх барьж буй хүмүүст хувьдаа мөнгө завших боломжийг нээсэн гэрээ болсон.

Хувьцаа эзэмшигчдийн хурал нь хэсэг бүлэг хүмүүсийн хурал бус нийт хувьцаа эзэмшиж буй монголчуудын хурал байх ёстой. Тийм учраас иргэд аль ч аймаг нутгаас ирээд хуралд оролцох боломжийг нээж өгөхийг хүсэж байна” гэлээ.

 
Гэрэл зургийг:mpa.mn

Компанийн засаглал үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр “Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал анх есдүгээр сард хуралдахаар тов нь тодорхой болсон байсан ч олон нийтэд мэдэгдэхгүйгээр хуралдах гэж байсан.

Мөн есдүгээр сард хуралдахын өмнө тараагдсан компанийн дүрэм хувьцаа эзэмшигчдийн хурал болох үед өөрчлөгдсөн байсан ба шинэ дүрмийг оруулж ирсэн. Энэ нь компанийн дүрмийг зөрчсөн ноцтой асуудал болж байгаа юм. 

Энэ дүрмийн 5.4-р заалтад “Хувьцаа эзэмшигчдийн хурлаар зарласан болон гаргаагүй хувьцааг гүйлгээнд гаргах шийдвэрийн дагуу төлөөлөн удирдах зөвлөл уг гаргах хувьцааны тоо, хувь хэмжээг тогтооно” гэж заасан нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг бүрэн хаасан үйлдэл юм” гэлээ.

Иймд "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ны хувьцаа эзэмшигч иргэдийг цаашид хүртэж болохуйц  компанийн хувь заяаны төлөө хяналт тавьж, хамтран тэмцэхийг уриаллаа.