Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн зах зээл дээрх ам.долларын ханшид ямар өөрчлөлт оров

ikon.mn
2018 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ оны 2 дугаар хагас эхэлснээс хойш дэлхийн санхүүгийн зах зээлийн чиг хандлага огцом өөрчлөгдөж байна. АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ шат дараатайгаар нэмэгдүүлснээс гадна том гүрнүүдийн  хоорондын худалдааны сөргөлдөөнөөс шалтгаалан үүсч буй тодорхой бус нөхцөл байдал нь санхүүгийн зах зээлд оролцогч, хөрөнгө оруулагч нарын дунд болгоомжлол үүсгээд байна. Үүсээд буй нөхцөл байдлыг тоймлон авч үзвэл i) АНУ-ын ХНБ-ны мөнгөний бодлогын төлөвөөс үүдэлтэй ам.долларын ханшийн чангаралт нь бусад хөгжиж буй улсаас хөрөнгө гадагшлахад хүргэж, ii) олон улсад геополитикийн эрсдэл нэмэгдэн, гадаад худалдааны сөргөлдөөн, эдийн засгийн харилцан хориг арга хэмжээ авах явдал нэмэгдэж байгаа нь таваарын захад нөлөөлж, энэхүү нөлөөлөл нь хөгжиж буй улс орнуудын урсгал дансны алдагдлыг нэмэгдүүлэн, валютын ханш сулрахад хүргэж байна.

1. АНУ-ын бодлогын хүү ба хөгжиж буй улсуудын валютын ханш

АНУ-ын эдийн засаг сэргэж, ажил эрхлэлт нэмэгдэж байгаа тул Холбооны нөөцийн банк 2008 оноос хойш хэрэгжүүлсэн мөнгөний хэт зөөлөн бодлогоо аажмаар чангаруулж, 2015 оноос хойш бодлогын хүүгээ нийт 8 удаа өсгөж 2018 оны 9 дүгээр сарын 26-нд 2.25% болгоод байна. Улмаар ам.долларын өгөөж нэмэгдэж, бусад валютуудын эсрэг ханш нь чангарч байна. 

 

Ам.долларын үнэ цэнийг илэрхийлдэг DXY индексийг евро, иен, фунт стерлинг, канад доллар, швед крон, швейцарь франк зэрэг голлох зургаан валютын ам.долларын эсрэг хослолоор тооцдог бөгөөд энэхүү индекс 2018 оны 10 дугаар сар 1-ны өдрийн байдлаар оны эхнээс 4%, холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөж эхэлсэн 3 дугаар сараас хойш 7.3% өсөөд байна. 

Холбооны нөөцийн банкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ нь дэлхийн санхүүгийн зах зээлд ялангуяа хөгжиж буй эдийн засагтай орнуудад нөлөөлж, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны байдлаар дэлхийн улс орнуудын 170 орчим валютуудын 52.4% нь оны эхнээс ам.долларын эсрэг 4.0 хувь хүртэл суларсан, 31.2% нь 4-өөс их хувиар сулраад байна. 

Тухайлбал 2018 оны 10 дугаар сарын 3-ний өдрийн байдлаар Аргентин улсын песо 52%, Турк улсын лира 38% суларсан бөгөөд манай улсын хөрш хоёр орны хувьд ОХУ-ын рубль 15%, БНХАУ-ын юань 6% орчим сулраад байна. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш их хэмжээгээр суларч буй Аргентин улсын хувьд 2021 он хүртэл Олон улсын валютын сангийн 57.1 тэрбум ам.долларын төсөв бүхий хөтөлбөрт хамрагдахаар болоод байна. 

Дүрслэл 2. Улс орнуудын валютын ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлтийн хувь, 2018.10.01-ний өдрийн байдлаар

 

Эх сурвалж: Блүмберг

2. Дэлхийн зах зээл дээрх зарим таваарын үнэ

Ам.долларын ханшын чангаралтаас гадна улс орнуудын хооронд өрнөж буй худалдааны маргаан, гадаад худалдааны протекционист бодлого нь хөгжиж буй улс орнуудын эдийн засаг, тэдгээрийн экспорт, улмаар таваарын зах зээлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Өөрөөр хэлбэл гадаад худалдааны таагүй орчин, санхүүжилтийн өндөр өртөг нь хөгжиж буй улсуудын гадаад валютын нөөцөд дарамт учруулж, энэхүү дарамт нь цаашид хөрөнгө гадагшлах, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх зэрэг эргэх холбоо бүхий таагүй нөхцөл байдлыг үүсгэх эрсдэлтэй байна.

 

Таваарын зах зээл дээр манай улсын экспорт, импортод чухал байр суурь эзэлдэг зарим түүхий эдүүдийн үнийн өөрчлөлтийг авч үзвэл гадаад валютын улсын нөөц бүрдүүлэхэд онцгой ач холбогдол бүхий үнэт металл болох алтны үнэ 9 дүгээр сарын эцсийн байдлаар оны эхнээс 9%, холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөж эхэлсэн 3 дугаар сараас хойш 11% суларч нэг унц нь 1,205 ам.долларт хүрээд байна. 

Харин зэсийн үнэ энэ хугацаанд 13% буурсан бол төмрийн хүдэр 7% тус тус буурчээ. Дэлхийн томоохон гүрнүүдийн хооронд үүсээд буй худалдааны сөргөлдөөн нь бараа материал үйлдвэрлэгчдэд мөн адил нөлөөлж, нийлүүлэлтийн сүлжээ болон хэмжээг агшааж байна. Нийлүүлэлтийн хомстлоос шалтгаалан газрын тосны үнэ тасралтгүй өсөж сүүлийн 4 жилийн дээд түвшин болох 75-85 ам.доллар орчимд хүрээд байгаа нь нийт шатахуун импортлогч орнуудын инфляцийн түвшин болон урсгал дансны алдагдлыг нэмэгдүүлэх нөлөөтэй байна.

 


Эх сурвалж: Б.Өнөртогтох /Монголын мэдээ/