Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу манай улсад айлчлан ирлээ

ikon.mn
2018 оны 10 сарын 18
iKon.MN
 

Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яам хоорондын Цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх урт хугацааны Хөтөлбөрт гарын үсэг зурлаа. 

 
 

Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон байна.

Айлчлалын үед Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, С.К.Шойгу нар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй цэргийн зориулалттай бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөх ёслолд оролцоно.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуд “Цэргийн гавьяаны улаан тугийн одон” гардуулж өгөх юм байна.

 


Эх сурвалж: БХЯ