Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Пентагоны тэргүүн Вьетнамыг химийн хорноос цэвэрлэх амлалтаа хэрэгжүүлнэ гэж мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Вьетнамд айлчилж байгаа Пентагоны тэргүүн Жэймс Мэттис өмнөд Вьетнамын нутагт орших “Agent Orange” химийн бодисын агуулах байсан газарт өчигдөр зочилжээ.

Вьетнамын дайны үеэр АНУ энд их хэмжээний химийн хорт бодис хадгалж байсан юм. Америкчууд Вьетнамын партизануудыг ойгоос гаргаж, цэвэрлэхийн тулд 1962-1971 онуудад 80 сая литр “Agent Orange”-ийг онгоцноос цацсан байдаг. 

Үр дүнд нь байгаль орчин, гол мөрөн хордож, Вьетнамын хэдэн үеийг дамжсан сэтгэцийн өвчин, гаж төрөлтийн гамшиг нүүрлэсэн юм. Нийтдээ 3 сая хүн хордож, өнөөдөр нэг сая хүн өвчилсөн хэвээр байгаа, тэдний 150,000 нь гаж хөгжилтэй төрсөн хүүхдүүд байгааг Ханойн эрх баригчид баталдаг.

Мэттисийн зочилсон Бен Хоа бол “Agent Orange”-ийг хадгалж байсан газар бөгөөд 1972 онд Вьетнамаас ачиж гаргахдаа их хэмжээний химийн хорыг хөрсөнд нь асгасан байдаг. “Аюултай” тэмдэгний дор хэдхэн минут саатаад буцсан Жэймс Мэттис химийн хорноос салгах Вашингтоны амлалтыг биелүүлэхээ амласан юм. Тэр “АНУ хорноос цэвэрлэх амлалтаа хэрэгжүүлнэ. Би өөрийн биеэр энэ газартай танилцаж, төрсөн мэдрэмжээ буцаж очоод Конгресст мэдээлэх зорилготой байна” гэж ярьжээ.

Бен Хоаг цэвэрлэх ажиллагаанд $390 саяыг зарцуулах шийдвэрийг Барак Обамагийн засгийн газар гаргасан юм. Нэгэн үе дайснууд байсан Вашингтон-Ханойн харилцаа сүүлийн үед сайжирч байгаа. Пентагоны тэргүүн энэ онд хоёр дахь удаагаа Вьетнамд ирээд байгаа нь энэ. Тэр өнгөрсөн нэгдүгээр сард Ханойд анх ирсэн ба АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг гуравдугаар сард дайнаас хойш анх удаа Вьетнамын эрэгт хүрсэн юм.

Бен Хоагаас гадна хоёр томоохон химийн бодист хордсон талбай Вьетнамд бий. Тэд бол Да Нан, Пху Кат юм. Дан Нан талбайг цэвэрлэх ажиллагаа $110 саяын өртөгтэй хэрэгжиж саяхан дууссан.

Тэгвэл Бен Хоа нь Да Нангаас дөрөв дахин том талбайтай юм.

 

Эх сурвалж: AFP