Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Ханара" компанийн 14 газарт нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг татан авалт хийхээр ажиллаж байна

О.Булган, iKon.mn
2018 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

БНСУ-ын хүнсний бараа, бүтээгдэхүүн борлуулдаг “Ханару” дэлгүүр нь худалдаалж байсан хүнсний бүтээгдэхүүнүүдийнхээ дууссан хугацааг хуурамчаар сольж, зарьж байсныг илрүүлсэн тухай мэдээлэл өчигдөр гараад байсан билээ.

Тэгвэл Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар тус дэлгүүрт хийсэн хяналт шалгалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр өглөө.

Тодруулбал, иргэнээс ирсэн гомдлын дагуу өнгөрөгч дөрөвний өдөр Сүхбаатар дүүрэг дэх МХХ-ийн хүнсний чанар, стандарт, эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагчид “Ханара март” ХХК-ийн “Ханару” минимаркетад хяналт шалгалтыг хийж, гүйцэтгэсэн байна.

Тухайн үед илэрсэн зөрчлийн дагуу зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй тул 1,000 нэгж буюу нэг сая төгрөгийн шийтгэвэр ноогдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байжээ.

Гэтэл өнгөрөгч 15-ны өдөр гомдол гаргагч иргэн дахин мэдээлэл өгсний дагуу холбогдох чиглэлийн улсын байцаагчид тус компанийн агуулах болон минимаркетад хяналт хийснээр дээрх зөрчлүүд илэрсэн байна.

Шалгалтаар БНСУ-аас импортоор оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүний он, сар, өдрийг болон хугацааг хуурамчаар засварласан байсан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийдэг болох нь тогтоогдсон талаар НМХЕГ-ын байцаагчид мэдээлэв.

 
Гэрэл зургийг: mpa.mn
 
Гэрэл зургийг: mpa.mn

Зөрчлийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагчид нийт:

  • Хугацаа дууссан болон он, сарыг нь засаж янзалсан 45 нэр төрлийн, 1,541 ширхэг, 22 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг битүүмжлэн саатуулсан,
  • Хаяг шошгын зөрчилтэй 40 нэр төрлийн, 11 сая 648 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжилсэн,
  • Мөн гаалийн хяналтаар хэрхэн орж ирсэн нь тодорхойгүй, 18 нэр төрлийн ургамлын гаралтай, 11 нэр төрлийн далайн гаралтай хүнсний түүхий эд, бүүтээгдэхүүнээс нийт 29 бүтээгдэхүүний дээжийг авч, ургамлын эрүүл ахуй, хими, хор судлал болон хүнд металлын шинжилгээнд хамруулаад буй талаар мэдээллээ.
 
Гэрэл зургийг: mpa.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд дарга С.Даваасүрэн "Эдгээрээс гадна тус компани нь нэр бүхий 14 хоол үйлдвэрлэлийн газарт хоол амтлагч болон хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлсэн болохыг бид олж мэдсэн. Үүний дагуу эдгээр газруудаас татан авалт хийх мэдэгдлийг хүргүүлсэн байна. Мөн "Ханара" ХХК энэ он гарснаар нийт дөрвөн удаагийн бараа, бүтээгдэхүүний таталтыг БНСУ-аас хийсэн байна.

  • Нэгдүгээрсард, 24 нэр төрлийн, 20.3 тонн,
  • Дөрөвдүгээр сард, 27 нэр төрлийн 19.9 тонн,
  • Зургадугаар сард, 31 нэр төрлийн, 21.3 тонн,
  • Мөн өнгөрөгч есдүгээр сард 24 нэр төрлийн, 19.7 тонн нэр төрлийн бүтээгдэхүүн оруулж ирсэн байна. Ингэснээр энэ жилийн гуравдугаар улирлын байдлаар нийт 106 нэр төрлийн, 81.2 тонн бараа бүтээгдэхүүнийг татан авч, гааль болон мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулж орж ирсэн байна.

Хилээр орж ирэхэд эдгээр бараа бүтээгдэхүүний нэр төрөл дотор хугацаа нь дууссан, хаяг, заавар шошгогүй бараа бүтээгдэхүүн багтсан талаар зөрчил мэдүүлээгүй ба зөрчил илэрсэн бараа бүтээгдэхүүнийг аль гааль, хилээр оруулж ирснийг тодруулахаар бид ажиллаж байна.

Гаргасан зөрчилтэй нь холбогдуулан дэлгүүрийн болон Баянгол дүүрэгт орших компанийн агуулгын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Одоогоор тус дэлгүүрээс авсан бараа бүтээгдэхүүнээс болж хордсон эсвэл биеийн байдал нь муудсан дуудлага бидэнд хараахан ирээгүй байна” гэлээ.

Иймд иргэдэд хүнсний бүтээгдэхүүнийг сонгон авахдаа хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн, хадгалалтын хугацаа, хэрэглэх арга, хадгалах нөхцөл заагдсан эсэхийг шошгоос харах, түүнчлэн чанар илт муудсан эсэхийг сайтар нягтлан үзэхийг НМХЕГ-аас зөвлөлөө.