Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

ГИХГ ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварын түвшинг тогтоожээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлаж төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлж, төрийн албан хаагчдыг ёс зүйтэй, мэдлэг чадвартай ажиллахыг үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газар нийт албан хаагчдынхаа ажил, мэргэшлийн ерөнхий мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох аттестатчлал буюу мэргэжлийн үнэлгээ хийх шалгалтын Удирдамжийг байгууллагын даргын 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/124 тоот тушаалаар баталж нийт албан хаагчдад хүргүүлсэн ба шалгалтыг энэ сарын 13-ны өдөр онлайнаар зохион байгууллаа. Шалгалтад тус байгууллагын төв болон орон нутаг, хилийн боомтод ажиллаж буй төрийн захиргааны албан хаагчид хамрагдсан юм.

Батлагдсан удирдамжийн дагуу албан хаагчдын хууль тогтоомжийн хэрэглээний мэдлэг, албан бичиг төлөвлөх чадвар, мэдээллийн технологи, гадаад хэлний мэдлэг зэрэг төрийн албан хаагчийн эзэмшвэл зохих ур чадвар, мэдлэгийг шалгалаа. Тухайлбал, албан хаагчдын хууль тогтоомжийн хэрэглээний мэдлэгийг тодорхойлох шалгалтын агуулгад Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, Харьяатын тухай хууль зэрэг өдөр тутмын үйл ажиллагаандаа зайлшгүй мөрдлөг болгон ажиллах 20 орчим хууль, бусад холбогдох тогтоол, журмууд багтсан байна.

Бичгийн шалгалтыг албан бичиг төлөвлөх, тушаалын төсөл боловсруулах гэсэн үе шаттайгаар явуулж, бичгийн ур чадварыг тодорхойлсон бол тодорхой сэдвийн хүрээнд эссе бичүүлж, албан хаагчдын хууль, эрх зүйн ерөнхий мэдлэгийн түвшинг шалгасан юм. Шалгалтын нэгдсэн дүнг Удирдлагын зөвлөлийн хурлаар дүгнэн хэлэлцэж албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, зэрэг дэв, цалингийн шатлалыг нэмэгдүүлэх, бууруулах асуудлыг шийдвэрлэхэд харгалзах юм байна. Мөн энэ сард багтаан нийт төрийн үйлчилгээний албан хаагчдыг хамруулсан ажил, мэргэшлийн ерөнхий мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Гадаадын иргэн, харьяатын газар нь Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын хүрээнд тодорхой ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байгаа ба ялангуяа албан хаагчдынхаа мэргэжил, боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэх, сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх тал дээр онцгой анхаарч байна.

 

Эх сурвалж: ГИХГ