Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Google Европын гар утас үйлдвэрлэгчдээс програмын төлбөр авахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Google компани Европын Холбоонд төвтэй гар утас үйлдвэрлэгчдэд Андроид системээ хэрэглүүлэхдээ төлбөр авдаг болох гэж байгаагаа зарлажээ.

Аравдугаар сарын 29-нөөс энэ дүрэм хэрэгжих бөгөөд Андроид системтэй хамт заавал гар утсанд суудаг байсан Google Play, Gmail, YouTube, Google Maps зэрэг багц аппликэшнүүдийг төлбөртэй нийлүүлэхээр болж байна.

Өмнө нь эдгээр програмууд үнэ төлбөргүй байсан бол Европын Холбооны шударга өрсөлдөөнийг хамгаалах газар тус компанийг зах зээлд хэт давуу эрх эдэлж байна гэж үзээд $5 тэрбумаар торгож байсан юм. 

Тиймээс Google анх удаагаа бизнес загвараа өөрчилж, Андроид системээ хэрэглүүлэхдээ багц аппликэшнуудаа гар утасны үнэнд шингээж зарахаар болж байна. Уг нь тус компани бүх бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй хэрэглүүлж, зөвхөн зар сурталчилгаанаас орлого олдог.

Мөн Google Search, Chrome browser зэргийг гар утсандаа үйлдвэрээс нь суулгаж өгөх хүсэлтэй компаниудад төлбөртэй лиценз гаргана гэж мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл Европын Холбооны зах зээлд гар утас зарах компаниуд Google компанийн аль аль аппликэшнүүдийг суулгаж зарахаа сонгож, мөнгө төлөх болж байна. Энэ төлбөр гар утасны үнэнд шингэх бололтой.

 

Эх сурвалж: Tech Insider