Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Цэрэг татлагын зарлан дуудах хуудсын 95.9 хувь нь эзэндээ хүрчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хэмжээнд 2018 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэрэг татлага 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд явагдах гэж байна. Энэ талаар өнөөдөр Цэрэг татлагын товчооноос өргөтгөсөн хурал хийлээ.

"Цэрэг татлагыг зохион байгуулахаар нийт 2,223 хүн ажиллаж байна. Цэрэг татлагын байруудыг камержуулан иргэдэд LED дэлгэцээр харуулахад бэлэн болсон.

Зарлан дуудах, мэдэгдэх хуудсын 95.9 хувь нь эзэндээ хүрсэн. 

Нийслэлийн хэмжээнд цэргийн албыг мөнгөөр дүйцүүлэн төлүүлэх ажил 92.6 хувьтай байгаа.

I ээлжээс халагдаж ирсэн дайчдыг ажлын байранд хамруулсан. 32 ААН 2,000 гаруй ажлын байрны санал танилцуулсан" хэмээн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас мэдээллээ.

Биедээ олон шивээс, олон газар цоолж ээмэг зүүлт зүүсэн нь сэтгэцийн эмгэгийн шалтгаан болж байна

Харин цэргийн албанд залуус эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаас 4,801 иргэн буюу 9.5% нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн байгаа. Үүнээс 3,781 иргэнийг эрүүл мэндийн байгууллага хяналтдаа авсан. Цэргийн албанд тэнцээгүй шалтгааныг аваад үзвэл мэс засал, гэмтэл 29.9%, чих, хамар хоолой 13.2%, дотрын өвчин 13 хувийг эзэлсэн. Мөн нүд, мэдрэл, харшил, сэтгэцийн эмгэгийн улмаас чөлөөлөгдөж байна.

Таван хувь нь жингээр тэнцээгүй.

Биедээ олон шивээс, олон газар цоолж ээмэг зүүлт зүүсэн нь сэтгэцийн эмгэгийн шалтгаан болж байна.

Өвчний улмаас чөлөөлөгдсөн залууст зөвлөгөө өгөхөөр дууддаг ч ирдэггүй. Тухайн хаягандаа байдаггүй. Эрүүлжүүлэлтийн арга хэмжээнд ирээгүй хүмүүст хариуцлага хүлээлгэдэг эрхзүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй.

Цэргийн албанд тэнцээгүй залуусыг эрүүлжүүлэх ажил 86 хувьтай байгаа" гэв.

Цэрэг татлагын байранд ирэхдээ авч ирэх баримт бичгүүд

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр
  • Оюутнууд их, дээд сургуульд сурч байгаа сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт, оюутны үнэмлэх
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн дилпом зэрэг баримт бичгийг биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй.

ДҮҮРГҮҮДИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН БАЙР

  1. Баянгол дүүрэг: “Оюуны ундраа" цогцолбор сургууль /96-р сургууль/
  2. Банязүрх дүүрэг: Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль
  3. Сүхбаатар дүүрэг: Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль
  4. Сонгинохайрхан дүүрэг: “Ирээдүй” цогцолбор сургууль /83-р дунд сургууль/
  5. Хан-Уул дүүрэг: Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль
  6. Чингэлтэй дүүрэг: Ерөнхий боловсролын 5-р дунд сургууль
  7. Налайх дүүрэг: Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв
  8. Багахангай дүүрэг: “Хангай" цогцолбор сургуульд тус тус цэрэг татлагыг зохин байгуулахаар бэлджээ.

Бэлтгэл дайчдыг авч явж буй тээврийн хэрэгсэл авто замын нэгдүгээр эгнээгээр явах ёстойг холбогдох албаныхан анхаарууллаа.