Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Этиопийн шинэ засгийн газрын гишүүдийн 50 хувь нь эмэгтэйчүүдээс бүрдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Зүүн Африкийн Этиоп улсын ерөнхий сайд Абый Ахмед өөрийн танхимын сайд нарын талыг нь эмэгтэйчүүдээс бүрдүүлжээ.

Өчигдөр тэр танхимдаа халаа сэлгээ хийхдээ сайд нарын тоог 28-аас 20 болгон бууруулж, 10 эмэгтэйг сайдын суудалд нэр дэвшүүлсэн байна. Бүсгүй сайд нар батлан хамгаалах, худалдаа, тээврийн салбаруудыг удирдахаас гадна анх удаа байгуулагдсан энх тайвны яамыг толгойлно. Уг шинэ яам нь тус улсад байнга гардаг үндэстэн хоорондын зөрчлийг зохицуулах үүрэгтэй байх ажээ.

Ерөнхий сайд Ахмед өөрийн шийдвэрийг Этиоп улсын оршин тогтнолд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмрийг үнэлж, хүндэтгэл үзүүлж буй хэлбэр гээд “эмэгтэйчүүд удирдаж чадахгүй” гэсэн хуучинсаг ойлголтыг эвдэх зорилготой гэсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард томилогдсон ерөнхий сайд улс орондоо эрс шинэчлэл хийх зорилготой байгаа юм. 80 гаруй үндэстэн угсаатнаас бүрддэг, холбооны системтэй зүүн Африкийн энэ орныг хэдхэн бүлэг хүн өнөөдрийг хүртэл удирдаж ирсэн байдаг. Түүний танхимын сайд нарын бараг тал хувь нь PhD цолтой хүмүүс гэдгээрээ бас онцлог юм.

Хүчирхийлэл, хүйсээр ялгаварлах үзэл, эм бэлэг эрхтнийг (хэлүү) огтлох бурангүй заншил, насанд хүрээгүй охидыг хүчээр гэрлүүлдэг ёс, хүний наймаа гээд олон асуудалтай Этиоп улс нь эмэгтэйчүүдэд халтай улс орнуудын тоонд ордог. Тиймээс шинэ засгийн газарт хийх ажил их байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Quartz