Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Рембрандтын бүтээлийг дэлхий нийтийн нүдний өмнө сэргээн засварлана

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нидерландын нийслэл Амстердам хотын Риксмузеум музейд байдаг Рембрандтын уран зургийг сэргээн засварлах ажлыг дэлхий нийтийн хараа хяналт дор гүйцэтгэхээр болжээ.

“Шөнийн харуул” нэртэй уг бүтээлийг сэргээх ажлыг интернэтээр тасралтгүй дамжуулах бол хүмүүс биеэр очиж, нүдээр харж бас болох гэнэ. Сэргээх ажил хэдэн жил үргэлжилж, олон сая еврог зарцуулах ажээ. Музейн захирал Тако Диббитс “Уг ажил дэлхий нийтийн нүдэн дээр хэрэгжих тул хэн ч хаанаас ч хүссэн үедээ үзэж болно” хэмээн ярьсан юм.

1642 онд Голландын Алтан Үе гэгддэг цаг үед Рембрандт энэ зургаа зурж дуусгасан байна.

Тухайн үед Амстердам хотын аюулаас хамгаалах албаны дарга өөрийн хамтран зүтгэгчдийн дүрийг мөнхлөхөөр захиалж байжээ. Риксмузеумын гол үзмэр болдог “Шөнийн харуул”-ыг үзэхээр жил бүр хоёр сая гаруй хүн ирдэг байна.

Хамгийн сүүлд 1975 онд нэгэн багш хутгаар сүйтгэсний дараа сэргээн засварлаж байжээ. Тэр цагаас хойш зургийн чанар, өнгө нэлээд муудсан тул ээлжит засварыг гүйцэтгэхээр болсон байна.

Гэхдээ маш үнэтэй, ховор бүтээл тул хүмүүст үзүүлэх боломжийг хаалгүйгээр сэргээн засварлах ажлыг зэрэг явуулахаар болжээ.

Ингэхдээ эхлээд 70 өдрийн турш өндөр нарийвчлалтай сканераар зургийн цэг бүрийг шалгана. Үүний дараа олж авсан мэдээллээ компьютерт боловсруулж, нарийвчилсан дижитал зураглал бий болгох гэнэ.

Энэ бүх ажлын дараа зургийн аль хэсэгт ямар ажил гүйцэтгэх төлөвлөгөө бэлэн болсноор үндсэн ажилдаа орох ажээ.

Орчин үеийн сэргээн засварлах ажил өмнөх үеэсээ илүү чанартай хийгддэг болсон тул уг үйл явцыг харах нь амьдралд нэг удаа олдох ховор боломж гэж музейн удирдлага үзэж байна. Учир нь дараагийн сэргээн засварлалтыг нэлээд олон жилийн дараа гүйцэтгэнэ гэж тооцоолжээ.

4.5 метр урт, 3.5 метр өндөртэй уг бүтээлийг сэргээн засварлах ажлыг Францын архитектор Жан Мишель Вилмоттын тусгайлан бүтээсэн 7 м.кв талбайтай нэн тунгалаг шилэн хоргон дотор гүйцэтгэх юм.

 

Эх сурвалж: The Guardian