Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын үнэн алдартны сүм хийдүүд Константинополийн их хамбын захиргаанаас гарлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Оросын үнэн алдартны шашны сүм хийдүүд Константинополийн их хамбын захиргаанаас гарч, бие даах болсноо өчигдөр зарлажээ.

Туркийн Истанбул хотод (хуучны грек нэр нь Константинополь) суудаг их хамба нь дэлхийн бүх үнэн алдартны шашинтнуудын тэргүүнд тооцогддог юм.

Саяхан аравдугаар сарын 11-нд их хамба Украины сүм хийдүүдийг Москвагийн хамбын захиргаанаас салгаж, бие даах эрх олгосон нь ийм хагаралд хүргэж байна. Москвагийн хамба Кириллийн төлөөлөгч, ширээт лам Иларион “Бид хагарал бутралыг дэмждэг сүм хийдтэй цаашид харилцахгүй” хэмээн Константинополийн шийдвэрийг буруутгажээ.

Үүний хариуд Украины үнэн алдартны сүм хийдийн тэргүүн Москвагийн Кирилл хамбыг “1991 оноос эхлэн Украины сүм хийдүүдийг хагаралдуулж ирсэн этгээд” хэмээн хариу шүүмжилсэн байна.

Украины сүм хийдүүд салан тусгаарласнаар одоо Москвагийн хамбын захиргаанд зөвхөн Беларусын сүм хийдүүд үлдэж байгаа юм. Беларусьт 10 сая орчим үнэн алдартны шүтэгч бий.

Константинополийн шийдвэрийн дараа аравдугаар сарын 12-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулсан байна. Уг хурлаар Украинд байгаа Москваг дагадаг сүм хийдүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар хэлэлцжээ.

Ингэхдээ “улс төрийн болон дипломат” арга хэрэгслийг ашиглахаар тогтсоныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч баталсан байна.

Аравдугаар сарын 14-нд Украины нийслэл Киев хотын төв талбайд олон мянган хүн цугларан бие даасан байдлыг нь хүлээн зөвшөөрсөнд талархаж, Константинополийн их хамбын төлөө мөргөл үйлджээ.

 

Эх сурвалж: Reuters