Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Африкийн хамгийн залуу тэрбумтныг барьцаалсан хүмүүсийн талаар мэдээлэл өгвөл $437,000-аар шагнуулна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Танзаний тэрбумтан Мохаммед Девжийг үл мэдэгдэх хүмүүс хулгайлсан юм. Одоо 43 настай, MeTL группын эзэн, $1.5 тэрбумын хөрөнгөтэй Девжийг Африк тивийн хамгийн залуу тэрбумтан гэдэг юм.

Өчигдөр түүний гэр бүлийнхэн барьцаалагчдын талаар мэдээлэл өгсөн хүнийг 1 тэрбум шиллингээр ($437,000) шагнахаа зарлажээ. Мөн мэдээлэл хүлээж авах зорилгоор гурван утасны шугам нээж байгаагаа мэдээлсэн байна.

Девжи нь аравдугаар сарын 11-ний өдөр Танзаний хамгийн том хотоос хулгайлагдсан бөгөөд цагдаа нар уг хэрэгт сэжиглэн 26 хүнийг баривчлаад байгаа юм.

MeTL групп нь Танзаний үндэсний нийт бүтээгдэхүүний 3.5 хувийг эзэлдэг, чихэр, бордоо зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлохоос гадна өргөн хэрэглээний бараа гадаадаас импортлодог. Танзаниас гадна Этиоп, Мозамбик, Уганда улсуудад салбартай, нийт 24,000 ажилтантай компани юм.

Девжиг зэвсэглэсэн “цагаан арьст хүмүүс” Дар Эс Салаам хотын Колоссеум зочид буудлын орчмоос хулгайлсан гэж орoн нутгийн хэвлэлд цагдаагийн эх сурвалжаас уламжлан бичжээ.

Энэхүү хэрэг явдал Танзанид хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын компани, иргэдийг үргээхээс тус улсын эрх баригчид болгоомжилж байна.

Бямба гарагт дотоод хэргийн сайд Канги Лугола энэ оны нэгдүгээр сараас аравдугаар сарын хооронд орон даяар хүн барьцаалсан 21 хэрэг гарсныг мэдээлээд зүүн Африкийн гурав дахь том эдийн засагтай Танзани улс гадаадын хөрөнгө оруулагчдад аюулгүй гэдгийг батлан хэлжээ.

 

Эх сурвалж: Bloomberg