Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар, Н.Баяртсайхан нарын урвуу хоршил

Д.Мягмардорж
2018 оны 10 сарын 16
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын сан хөмрөгийг барилцаж буй дээрх хоёр эрхмийн тэргүүлдэг Сангийн яам, Монголбанк хэр сайн уялдаа холбоотой ажиллаж чадахаас улсын төсөв болон мөнгөний нэгдсэн бодлого үр дүнгээ өгч эдийн засаг тогтвортой өсөлтөө хадгална. Сангийн яамны төсвийн бодлого, Монголбанкны мөнгөний бодлого хоёулаа зах зээлийн эрэл нийлүүлэлтийг зохицуулах ижил хүчин чадалтай.

Монголбанк бодлогын хүүгээ өөрчлөх замаар эдийн засагт эргэлдэж буй мөнгийг удирдах боломжтой бол Сангийн яам төсвөө нэмж, хасах байдлаар мөн адил үр дагавар гаргаж болно. Гэвч Монголбанк зах зээлд дээрх мөнгөний илүүдлийг татахаар хатуу бодлого баримталж байхад Засгийн газар төсвөө тэлж ирсэн. Эсвэл Сангийн яам төсвөө танахад, Монголбанк төсвийн шинж чанартай хөтөлбөр хэрэгжүүлсэн нь өнгөрсөн хугацаанд учирсан эдийн засгийн хүндрэл Монгол Улсын санхүүд тооцоолсноос хүнд тусахад хүргэсэн гэж үздэг.

Харин 2015-2017 онд даамжирсан эдийн засгийн хүндрэлийн үед Сангийн яам төсвөө үлэмж хэмжээгээр танаж, мөнгөний бодлогоо түүхэнд байгаагүйгээр чангаруулж өнөөгийн сэргэлтийн циклд ирээд байна. Тиймээс өнгөрсөн хугацааны алдаагаа давтахгүйн тулд Сангийн яамны төсвийн бодлого, Төв банкны мөнгөний бодлого хаашаа чиглэж буйг харьцуулан харах хэрэгтэй болж байна.

ТӨСӨВ, МӨНГӨНИЙ УРВУУ БОДЛОГО

Монголбанк 2016 оны наймдугаар сард бодлогын хүүгээ 4.5 хувиар өсгөж, түүхэнд дээд төвшинд буюу анх удаа 15 хувьд хүргэсэн. Мөнгөний бодлогын хүү бол Төв банк арилжааны банкуудад хугацаатай өрийн бичиг үйлдэж өгөөд хугацаа нь дуусмагц төлж буй төлбөрийн хэмжээ байдаг.

Тэгвэл бодлогын хүүг 15 хувь болгож өсгөснөөр арилжааны банкууд эрсдэл өндөртэй зээл гаргахаас зайлсхийж, Төв банкны үнэт цаасанд илүү найдаж эхэлсэн юм. Хатуу бодлогын нөлөөгөөр мөнгөний урсгал багасах нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх ч төгрөгийн ханш чангарч иргэдийн нуруунд очих дарамтыг багасгах магадлалтай гэж Монголбанк харж байлаа.

Энэ нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалд уядуулсан шийдвэр бөгөөд Төв банк бодлогын хүүгээ 2017 оноос эхлүүлэн энэ жил хүртэл 10 хувь болгон бууруулаад байна. Ингэснээр арилжааны банкууд 10 хувийн хүүтэй Төв банкны үнэт цааснаас татгалзаж, зах зээлд нийлүүлэгдэх арилжааны зээл өснө гэж тооцоолсон. Энэхүү эдийн засгийн сэргэлтийг дэмжих бодлогоо ирэх онд ч үргэлжлүүлнэ. Ингэхдээ бодлогын хүүг тогтвортой барих бодлого баримтална.

Гадаад зах зээл дээр өөрчлөлт гарах, төгрөгийн ханш хэт сулрах зэрэг шаардлагатай тохиолдолд Төв банкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, арга хэмжээ авна гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлсэн. Харин Сангийн яам Ч.Хүрэлбаатарын ирэх, онд баримтлах бодлого түүний УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн төслөөр ил болсон. Тэрбээр ирэх оны төсвийн төсөлд зарлагаа 11.6 их наяд төгрөг, орлогыг 9.7 их наяд төгрөг байхаар тооцжээ. Энэ бол зарлага, орлого аль аль нь энэ оныхоос хоёр их наяд төгрөгөөр тэлсэн үзүүлэлт юм.

Өөрөөр хэлбэл, Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах замаар эдийн засгаа дэмжих тогтвортой бодлого баримтлах бол төсвийн тэлэлт зах зээл дээр төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, инфляцыг хөөрөгдөх магадлалтай харагдаж байгаа. Хэрэв УИХ хоёр их наяд төгрөгөөр тэлсэн төсвийн төслийг хэвээр баталсан тохиолдолд Монголбанк ирэх онд төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах үндсэн үүргээ  биелүүлэхийн тулд мөнгөний бодлогоо хумих шаардлага үүснэ. Харин мөнгөний бодлогоо хатууруулахгүй бол ам.долларын ханш цаашид хэд хүрэхийг хэн ч таашгүй.

Мөн Монголбанкны зорилтот инфляцын найман хувийн төвшин ч эвдэгдэж таарна. Нөгөө талаар төсвийн тэлсэн бодлогыг мөнгөний хатуу бодлогоор тэнцвэржүүлэх боломжтой ч үүнд татвар төлөгчдийн олонх эрсдэл үүрч болзошгүй гэдгийг төсвөөр дагнасан судлаачдын зүгээс хэлсээр ирсэн.

Тухайлбал, төсвийн зардал өссөнөөр төрийг тойрсон хэдхэн бизнесийг тэтгэх бол эсрэгээрээ Төв банкны бодлого чангарах нь арилжааны банкуудын зээлээр санхүүждэг нийт аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлөх гэнэ. Тиймээс ч Монгол Улсыг төсөв, мөнгөний бодлогын хамгийн муу, буруу хослолыг хэрэгжүүлдэг хэмээн хэд хэдэн удаа дүгнэж байсан удаатай.

САНГИЙН ЯАМ БОЛОН МОНГОЛБАНКНЫ ӨРИЙН ХАМААРАЛ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы индрээс 2016 оны зургаадугаар сарын байдлаар Монголбанк 430 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байсан бол өнгөрсөн сарын 10-ны байдлаар Төв банкны үнэт цаасны өрийн үлдэгдэл нь 4.3 их наядад хүрсэн гэдгийг зарлав. Энэ нь Засгийн газрын дотоод өрийг Монголбанк руу шилжүүлэн тооцож байгаа аргачлалтай холбоотой.

Ингэснээр Төв банкны үнэт цаасны өрийн үлдэгдэл нэмэгдэх эрсдэл үүсэж буйг тэрбээр тодруулсан. Тэгвэл Монголбанкны зүгээс Засгийн газрын үнэт цаасны хэмжээ буурсан одоогийн нөхцөлд банкууд Төв банкны үнэт цаас авахаас өөр бодлогын сонголт байхгүй гэдэг тайлбар өгч байгаа. Засгийн газар дотоодод гаргасан үнэт цаасаа эргүүлэн төлж, энэ хэмжээгээр арилжааны банкууд дахь сул мөнгө нэмэгдэх болсон байна.

Үүнийг Төв банк тодорхой хугацаагаар татан төвлөрүүлж, хугацаа нь дуусмагц 10 хувийн хүү төлдөг. Өөрөөр хэлбэл, 4.3 их наяд төгрөгийн 10 хувь болох 430 тэрбум төгрөгийг Төв банкнаас арилжааны банкуудад төлж байна. Төв банкны үнэт цаас ихэвчлэн богино буюу долоо хоногийн хугацаатай байдаг бөгөөд Засгийн газрын үнэт цаасны адилаар улсын төсөвт ачаалал авчирна. Төв банкны тухай хуулиар Монголбанкны алдагдлыг буюу улсын төсвөөс шууд санхүүжүүлдэг.

Харин Сангийн сайдын зүгээс өнгөрсөн оны аравдугаар сард өндөр хүүтэй дотоод бонд гаргахыг хязгаарлах бодлого баримталж буйгаа зарласан. Ирэх онд үргэлжлүүлнэ гэдгээ ч энэ удаагийн төсвийн төсөлд тодорхой дурджээ. Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаанд арилжааны банкууд хүүгээр өрсөлдөн оролцдог бөгөөд хүүний түвшин 2014 оноос эрчимтэй нэмэгдэж 16-18 хувьд хүрсэн бол 2017 оны төгсгөл 11 хувь болж буураад байсан юм.

2012-2017 онд явагдсан нийт арилжааны 84.4 хувийг богино хугацаат үнэт цаас эзэлж, эргэн төлөлт нь төсөв болон төрийн сангийн мөнгөн хөрөнгөд дарамт үүсгэж байсан тул Засгийн газрын зүгээс өндөр хүүтэй, богино хугацаатай дотоод үнэт цаас арилжаалахыг зогсоож, 370.5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг хугацаанаас өмнө буцаан худалдан авсан. Энэ онд Засгийн газрын үнэт цаас гаргаагүй бөгөөд 1.7 их наяд төгрөгийн үндсэн төлбөр, 435.5 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөрийг төлж, Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдэл 2018 оны жилийн эцэст 1.6 их наяд төгрөгт хүрч буурах тооцоо гарчээ.

Мөн Засгийн газар жил болгон төсвийг алдагдалтай баталсаар байгаагаас Засгийн газрын өр маш их хэмжээгээр нэмэгдсэн байна. 2017 оны төсвийн алдагдал 2.7 их наяд төгрөг, 2018 оны төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг болж, ирэх жилийн төсвийн алдагдлыг 1.9 их наяд байхаар төлөвлөснөөр Засгийн газрын өрийг долоон их наяд төгрөгт хүргэж байгаа нь том эрсдэл үүсгэж байгаа юм.

Төсвийн алдагдал гэдэг бол өр бөгөөд Засгийн газар гадаад зах зээлээс ам.доллар татах нь өндөр өртөгтэй учраас дотоодод бонд гаргах замаар нөхөж ирсэн. Тиймээс ирэх оны төсөвт цоорхой гарсан тохиолдолд Засгийн газар дотоод бонд гаргахгүй гэх газаргүй. Хэрэв Засгийн газар дотоод бонд гаргахгүй гэдэг байр сууриа хатуу баримталсан тохиолдолд Төв банкны үнэт цаасны өрийн хэмжээ цаашид өсөхийн хэрээр төсөвт ирэх ачаалал төдий чинээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Одоогоор Төв банкны үнэт цаасны өрийн үлдэгдэл 4.2 их наяд төгрөг байгаа бол Засгийн газрын үнэт цаасны өр 2.1 их наяд төгрөг байна.

Угтаа бол нэг нь нөгөөгөө дэмжиж, нэг үр дүнд хүрэх учиртай төсөв болон мөнгөний бодлого хоёр тийшээ харсан гэдгийг дээрх урвуу хоршлоос харж болох юм. Тухайлбал, ирэх оны төсвийн бодлогын хэрэглээнд чиглэсэн хэт тэлэлт нь үнийн түвшинд нөлөөлж, мөнгөний хатуу бодлого явуулах арга хэмжээ авч бодит эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөр байна. Улмаар Мөнгөний бодлогын гол зорилго болох инфляцыг зорилтот түвшинг эвдэж, валютын ханшийн хэт хэлбэлзлийг үүсгэж болзошгүй юм.

Хэрэв үнийн өсөлт зорилтот түвшнээс хэтэрч нэмэгдэх хандлагатай бол Төв банк мөнгөний хатуу бодлого явуулдаг бөгөөд энэ нь зээлийн хэмжээг бууруулж, бодит эдийн засгийн өсөлтийг бууруулах нөлөө үзүүлдэг. Өнгөрсөн Жилүүдийн практикаас харахад, энэ нь ихэвчлэн төсвийн бодлого тэлснээс үүдэлтэйгээр гарч ирсэн. Тиймээс ч эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл, хүн амын бодит орлого, хэрэглээ, эдийн засгийн тогтвортой байдал, валютын ханш, инфляцад хүчтэй нөлөө үзүүлдэг төсөвт тусгагдах зарлагыг нарийвчлан судлах зайлшгүй шаардлага байна.

Зураг