Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын сенатор уугуул Америк удамтайгаа баталж, Трампаас мөнгө нэхжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Ардчилсан Намын улс төрч, 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Трамптай өрсөлдөх боломжтой гэгддэг сенатор Элизабет Уоррен өчигдөр өөрийн ДНХ-ийн шинжилгээний үр дүнг нийтэд дэлгэж, өөрийгөө Америкийн уугуул иргэд болох Индианчуудын удамтай гэдгээ баталжээ.

Дональд Трамп түүнийг олон жилийн өмнөөс улс төрд давуу тал олж авахын тулд өөрийгөө Индиан гаралтай хэмээн худлаа ярьдаг хэмээн шүүмжилж, тэр ч байтугай олон удаа “Покахонтас” гэж хочилж байсан юм.

Трамп өнгөрсөн долдугаар сард Монтанад болсон арга хэмжээний үеэр Уорреныг индиан гаралтайгаа батлах юм бол хувиасаа $1 саяыг Уугуул иргэдийн буяны санд хандивлана гэж ам гарч байв.

Тэгвэл Стэнфордын Их сургуулийн профессор Карлос Бустамантегийн хийсэн шинжилгээгээр Уоррены удмын зургаагаас 10 дахь үе индиан хүнтэй цус холилдсоныг тогтоожээ.

Түүний гаралын дийлэнх хэсэг Европ боловч багахан хэсэг нь Америкийн уугуул иргэдээс удамшилтай болохыг баталсан байна.

Энэхүү үр дүнг нийтэд дэлгэсний дараа Элизабет Уоррен твиттер сүлжээгээр Дональд Трампад хандаж, амласан хандиваа өгөхийг хүссэн юм.

Тэрээр Индиан Эмэгтэйчүүдийн Үндэсний Төвд хандиваа шилжүүлэхийг Трампаас хүссэн байна.

Дараа нь сэтгүүлчид Трампаас Уоррены хүсэлтийн талаар асуухад “Би тэгж амлаагүй” хэмээн бултжээ. Трамп бас ДНХ-ийн шинжилгээнд итгэхгүй байгаагаа энэ үеэр хэлсэн байна.

Элизабет Уоррен ирэх сарын 6-нд болох Конгрессын сонгуульд Массачусетс мужид өрсөлдөж байгаа юм. Түүнтэй өрсөлдөгч нь Трампын сонгуулийн үеэр Массачусетс дахь сурталчилгааг нь хариуцаж байсан Бүгд Найрамдах Намын Жеоф Дайл юм.

 

Эх сурвалж: Associated Press