Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтстэй хамт Майкрософтыг байгуулалцсан эрхэм хорт хавдраар нас барлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Технологийн аварга компани Майкрософтыг дунд сургуулийн найз Билл Гэйтстэй хамт үүсгэн байгуулалцаж байсан Пол Аллен өчигдөр 65 насандаа хорт хавдрын улмаас нас баржээ.

Анх 1982 онд хорт хавдартай нь тогтоогдсоны дараа тэр Майкрософтоос явж байсан юм. 2009 онд Аллен эмчилгээ хийлгэсний дараа бараг эдгэрсэнд тооцогдож байв.

Гэвч саяхан аравдугаар сарын 1-нд дахин эмчилгээ хийлгэх хэрэгтэй болсноо тэр нийтэд мэдэгдсэн юм. “2009 онд эмчлүүлснээс хойш анагаах ухааны салбарт ихээхэн өөрчлөлт гарсан. Тиймээс энэ удаагийн эмчилгээний үр дүн сайн байна гэдэгт эмч нар маань итгэлтэй байна” хэмээн тэр бичиж байв.

Пол Аллен нь Вашингтон мужийн Сиэтл хотод төрсөн, амьдралынхаа ихэнх хугацааг энд өнгөрөөсөн нэгэн. Тэр Вашингтон Мужийн Их сургуульд хоёр жил суралцсаны дараа програм зохиогчийн ажил хийхээр сургуулиа орхисон юм. Сүүлд тэр найз Билл Гэйтсийг ятгаж Харвардын Их сургуулиас гаргаад Майкрософтыг хамт байгуулалцаж байжээ.

Тэр гэрлэж байгаагүй, хүүхэдгүй, $20.3 тэрбумын хөрөнгөөр дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэгт тооцогддог. Сагсан бөмбөгийн Портланд Трэйл Блэйзерс, америк хөлбөмбөгийн Сиэтл Сихоукс багуудын эзэн.

Майкрософтоос явсныхаа дараа филантропист болж, $2 тэрбум гаруйг сайн үйлсэд зориулсан гэдэг.

Тухайлбал тэр өөрийн байгуулсан Тархи Судлалын Аллены Хүрээлэнд $500 саяыг хандивлаж, Сиэтл хотыг хямд орон сууцаар хангахад $30 саяыг зарцуулсан байна.

Пол Аллен нь бас сансрын технологид анх удаа амжилттай хөрөнгө оруулсан Цахиурын Хөндийн тэрбумтанд тооцогддог. Тэр $20 саяыг нисэх онгоц зохион бүтээгч Барт Рутаны төсөлд хөрөнгө оруулснаар дахин ашиглагдах сансрын хөлгийг бүтээж, 2004 онд хоёр долоо хоногийн дотор хоёр удаа тойрог замд сансрын нисэгчдийн багийг илгээж байжээ.

Түүний энэ амжилт SpaceX, Virgin Galactic, Blue Origin зэрэг хувийн сансрын компаниудад хөрөнгө оруулагчдыг татах замыг нээсэн юм.

Дараа нь 2011 онд Аллен Stratolaunch Systems Corp нэртэй сансрын технологийн компаниа байгуулсан нь хиймэл дагуул хөөргөх ажлыг онгоцны тийз захиалахтай адил энгийн зүйл болгох зорилготой гэгдэж байжээ.

 

Эх сурвалж: Quartz