Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хаянхярваа: 54 тэрбумаар яндангийн шүүлтүүр нийлүүлэх гэж байгаа компаниас баталгаа гаргуулж авах ёстой

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 15
iKon.MN
 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Тус бүлгийн дарга Д.Хаянхярваа хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар товч мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Д.Хаянхярваа “С.Бямбацогт нарын гишүүд хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа. Манай бүлгээр энэхүү хуулийн төслийг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар 900 гаруй мянган хүүхэд хүүхдийн мөнгө авч байгаа. Энэ нь нийт хүүхдийн 80 хувь нь гэсэн үг. 

Энэ 80 хувь дотор мөнгөө авдаггүй нэлээд хэсэг байгаа гэдгийг НХХ-ийн сайд хэлж байсан. 20 орчим хувь нь авахгүй чөлөөт үлдэгдэл нь үлддэг юм байна. 
Гишүүд ярилцсаны эцэст энэ тогтоолын төслийн Төсвийн байнгын хороо руу шилжүүлээд тэнд нь нухацтай хэлэлцэн шийдвэр гаргах ёстой гэдэг дээр санал нэгдсэн” гэлээ. 

Нийт хүүхдийн 80 хувьд мөнгө олгохоор тохиролцсон

Дээрх мэдээллийн хийсний дараа бүлгийн дарга Д.Хаянхярваа гишүүдийн асуултад хариуллаа. 

-Бүх хүүхдэд мөнгө олгох, 80 хувьд нь олгоход санхүүгийн ямар зөрүү байна вэ?

-Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шийдвэр гарвал ойролцоогоор 27 тэрбум төгрөгийн эх үүсвэр байгаа. Нийт хүүхдэд мөнгө олгох эх үүсвэр бол бий. Гэхдээ өнөөдөр 80 хувьдаа хүрч хүүхдийн мөнгөө авахгүй байгаа. Манай улс ОУВС-тай гурван жилийн өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт хамрагдаад явж байна. Иймээс тэдний өмнө хүлээсэн үүрэг, тохиролцоондоо байх ёстой гэж цөөнгүй гишүүн илэрхийлж байна. Хөтөлбөрт нийт хүүхдийн 80 хувьд мөнгө олгохоор тохиролцсон. 

-2019 оны төсөв нэлээд шүүмжлэл дагуулж байна. Бүлэг дээр төсөв ярьсан уу? 

-Төсвийг хэлэлцэх эсэхийг ярилцсан. Дараа нь төсөлтэй танилцаад бүлэг дээр тусгайлан хэлэлцсэн. 2019 оны төсөвтэй холбоотой янз бүрийн маргаан, мэтгэлцээн бий. Жилийн жилд төсөв батлахад хэл үг гардаг. Тэр дундаа сонгуулийн өмнөх жилийн төсвийг ярихад улс төр, маргаан их гардаг байгаа. Гэхдээ өнөөдөр нийгэмд яригдаад байгаа шиг сонгуулиа бодсон, эдийн засгаа баллах хэмжээний төсөв болсон гэдэгтэй санал нийлэхгүй.

Учир нь, энэ удаагийн төсөв боломжоо дүүрэн ашигласан төсөв болсон. Орлого есөн их наяд байхаар, арав орчим их наяд төгрөгийн зарлагатай байхаар тооцоолсон. Төсвийн ажлын хэсэгт 13 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. 

Нийгэмд бас нэг буруу мэдээлэл явж байна. Тойрог бүхэн таван тэрбум төгрөг авчихсан юм гэнэ. Ардчилсан намын гишүүдэд өгөөгүй. Тэр нь их, бага хуваарилсанаас болоод маргаан болоод байгаа гэнэ гэж яриад байна.

Тэгэхээр энэ таван тэрбум төгрөг бол гишүүний мөнгө биш. Бид 76 тойрогтой, тойрог бүрт сургууль, цэцэрлэг гээд зовлон бий. Энэ хөрөнгийг тойргийн гишүүн орон нутгийн удирдлага, ИТХ-ынхантай ярилцаад хөрөнгө оруулалтыг шийддэг төсөв юм. Харин гишүүд орон нутагт хуваарилагдсан төсвийн гүйцэтгэлд нь хяналт тавих хэрэгтэй. 

-Сангийн сайдыг Увс аймагт 52.8 сая төгрөг хуваарилсан байна гээд байгаа. Төсвийн номон дээр болохоор 21 тэрбум гээд байж байсан. Өөр ямар ямар мөнгөнүүд ороод 52.8 тэрбум болчихоод байгаа юм бол?

-Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсгийнхэн үүнийг нягталж үзээд бүлэг дээр танилцуулна. Тэр үед энэ асуудал нэг талдаа шийдэгдэнэ. 

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн төслийг хэлэлцэхээр яригдаж байна. Энэ хуульд татварын нэг хувь болон үндсэн суурь зохицуулалт дээр бүлгийн байр суурь хэвээр байгаа юу? 

-Энэ хуулийн төслийг хэлэлцээд явна. Гишүүдийн зүгээс өнгөрсөн жил жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 65 тэрбум төгрөг суусан. Энэ жил байсангүй гэж ярьж байгаа. Төсөв хэлэлцэхдээ хасч, танаж байгаад энэ салбарыг хөгжүүлэхэд 50-100 орчим тэрбум төгрөг суулгах нь зүйтэй гэдэгт олон гишүүн санал нэгдсэн

-Утааг бууруулахад 54 тэрбум төгрөгийн яндангийн шүүлтүүр хэрэглэх нь хэр оновчтой вэ?

-Энэ 54 тэрбум төгрөгийн асуудалд гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Би хувь хүнийхээ хувьд ч шүүмжлэлттэй хандаж байгаа. Өмнө нь гурван төрлийн зуух туршиж үзсэн. Энэ шүүлтүүр нь хэр үр дүнтэй, бодитой болохыг би мэдэхгүй.

Засгийн газраас туршиж үзээд, илүү үр дүнтэй байна гэж үзээд нэвтрүүлэх гэж байгаа болов уу гэж харж байгаа. Нэвтрүүлэхээр бол нийлүүлэх гэж байгаа компаниас нь олон улсын баталгаа гаргуулж байж хийх ёстой.