Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Алтанжаргалын “Дөмөн хонгор аялгуу” дуурсана

ikon.mn
2018 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Аялгуу тансаг ардын дуунуудаа цээл тунгалаг хоолойгоороо уянгалуулан дуулж, Монгол түмнийхээ сэтгэлийг хөвсөлзүүлэн хүндлэлийг нь хүлээж яваа Соёлын Тэргүүний Ажилтан, ардын дуучин Болдбаатарын Алтанжаргал уран бүтээлийн анхны тоглолтоо үзэгч түмэндээ толилуулахаар бэлтгэлдээ шамдаад байна. 

 “Багануур” ХК-нд Эксковаторын жолоочоор ажиллаж, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож яваа тэрбээр басхүү аав ээжээс заяагдсан авьяас билгийг хөгжүүлэн ардын сайхан дуунуудынхаа хэв маяг, хэмнэл айзмыг алдагдуулалгүй өвлөн дуулагч болжээ. Түүний “Дөмөн хонгор аялгуу” хэмээх уран бүтээлийн анхны тоглолтын нэрийг нутгийнх нь хүндэт ах, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн Баатар Бавуугийн Лхагвасүрэн хайрласан ажээ.  

“Хүлгийн хийморь гийнгоон дуугаар сэргэнэ
Хүмүүний сэтгэл ардын дуугаар цэнгэнэ
Дөрвөн цагийн хорвоо нар зөв эргэнэ
Дөмөн хонгор аялгуунд нь он цаг хатирна
Ай даа, хүлгийн дэлнээс цойлсон гийнгоо 
Ай даа, Дөмөн хонгор аялгуу” дуурсах тоглолт 11 дүгээр сарын 02-ны 19:00 цагт Корпорэйт Конвеншн Центрт ганцхан удаа тоглогдох юм байна.  

Ардын дууныхаа аялгуу сайхныг таашаан сонсдог үнэнч сонсогчдынхоо дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа уг тоглолтонд Монгол Улсын Морин хуурын Чуулга, удирдаач Д.Түвшинсайхан, Үндэсний цөөхүүл хөгжмийн “Зун” продакшн, Натур даанс продакшн, СТА дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Э.Чулуунчимэг, Дуучин Б.Батцэцэглэн, Өвөр Монголын “Улаан мөчир” чуулгын дуучин Д.Цэвэрцэцэг, СГЗ, урлааг судлаач Ч.Буянхишиг, Болорцомын эзэн яруу найрагч, Б.Ичинхорлоо  нар оролцож ая дуу, аялгуу шүлгээ өргөх ажээ. 

Тоглолтын Ерөнхий ивээн тэтгэгчээр “Багануур” ХК, дэмжигч байгууллагаар “Талын эзэн”  ХХК, “НААД БРЭНД”, ДДИШ ТВ ХХК, E Studio, Хэт-Оргил ХХК, “Грийнсофт” ХХК, Торго ХХК, Хөх-Үүр айраг зоог, “Наран гэгээ” хэвлэх үйлдвэр, “Эй Би Сервис” ХХК тус  тус ажиллаж байна. Мөнхүү мэдээллийн ивээн тэтгэгчээр NTV, MN25TV, TV9, TV5, Gogo.mn, Ikon.mn, Zaluu.com, Medee.mn ажиллаж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 7711-8844, 9411-6070, 9494-4666 утаснаас болон www.altanjargal.com цахим хуудаснаас авах юм байна. Харин тоглолтын тасалбарыг www.ticket.mn болон 1900-1800 дугаараар захиалан авах боломжтой ажээ.