Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Стивен Хокингийн ирээдүйн талаар төсөөлөл маргааш уншигчдын гарт хүрнэ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Талийгаач эрдэмтэн Стивен Хокингийн хүн төрөлхтний ирээдүйн талаар хамгийн сүүлд бичсэн таамаг “Brief Answers to the Big Questions” нэртэйгээр хэвлэгдэж, маргаашнаас олон нийтэд хүрэх гэж байна.

Тэгвэл Британий Sunday Times сонин уг номны зарим сонирхолтой хэсгүүдээс эшлэн нийтэлжээ.

Ингээд нэрт эрдэмтний ирээдүйн талаар зарим төсөөлөлтэй танилцья.

 

Хиймэл оюун ухаан

Хокинг хиймэл оюуныг одооноос хянаж, зохицуулж байхгүй бол ирээдүйд хүн төрөлхтөнд аюул учруулна гэж бичжээ.

“Ирээдүйд хиймэл оюун өөрөө өөрийнхөө хүслийг биелүүлж эхэлбэл, өөрөөр хэлбэл бидний хүслээс тэдний хүсэл зөрж эхэлбэл” аюул учирна гэж тэр хэлсэн байна. Хиймэл оюунаар тоноглосон зэвсгийг одооноос хязгаарлахгүй бол улс орнуудын дунд зэвсэглэлээр өрсөлдөх уралдаан эхлэхийг Хокинг анхааруулжээ.

 

Дэлхий ертөнцийн бүрхэг ирээдүй, гений засвар, супер хүн

Ирэх 1,000 жилийн хугацаанд цөмийн дайн, эсвэл байгалийн гамшиг дэлхийг сүйтгэнэ. Гэвч тэр үед хүн төрөлхтөн дэлхийгээс хамааралгүй амьдрах боломжтой болсон байх тул аврагдана.

Тухайлбал генийг засварлах, өөрчлөх технологийн тусламжтайгаар хүмүүс ой санамжаа нэмэгдүүлж, элдэв өвчинд тэсвэртэй болж, нас нь уртсах юм. Ингэсний үр дүнд сүйрсэн дэлхийг орхин явах, өөр гарагийг эзэмших чадвартай болно. “Дарвины эволюци биднийг улам ухаантай, чадвартай болгохыг хүлээж суух цаггүй болно” гэж Хокинг үүнийг тодорхойлжээ.

 

Харь гарагт амьдрал бий юу?

Энэ асуултад хариулах маш олон тайлбар байж болохыг Хокинг хэлжээ. Чухам яагаад одоог хүртэл хүн төрөлхтөн харь гарагийн оюун ухаантнуудыг олж илрүүлж чадахгүй, тэд бидэн дээр ирэхгүй байна вэ?

Тэрээр нэг хувилбар хариултыг онцолсон нь “хүн төрөлхтөн харь гарагийн амьдралын хэлбэрийг мэдрэх, анзаарах чадваргүй байгаа” гэж тайлбарлажээ.

 

Бурхан бий юу?

Хокинг энэ асуултад “үгүй” гэж хариулжээ. “Хорвоо ертөнц бидний сайн мэдэхгүй ямар нэг Бурхны хүсэл зоригоор үүссэн үү, эсвэл шинжлэх ухааны хуулиар бий болсон уу? Би хоёр дахь дүгнэлтэд итгэдэг. Магадгүй та шинжлэх ухааны хуулийг Бурхан гэж нэрлэж болох юм. Гэхдээ энэ нь тантай уулзаж, ярилцаж чадах хүнлэг Бурхан биш байх болов уу” гэж Хокинг тайлбарласан байна.

 

Дэлхийн хамгийн том аюул

Дэлхийд учирч болох хамгийн том аюул бол астеройдтой мөргөлдөх. Яг үлэг гүрвэлүүдийг сүйрүүлсэн шиг. Харамсалтай нь бидэнд үүнээс хамгаалагдах арга байхгүй гэж Хокинг бичжээ. Дараагийн аюул нь цаг уурын өөрчлөлт байх гэнэ.

“Далайн усны температур нэмэгдсэнээр мөснүүд хайлж, их хэмжээний нүүрстөрөгчийн давхар ислийг агаарт ялгаруулна. Ингэснээр манай гарагийн цаг уур Сугар гарагийнх шиг Цельсийн 250 хэмд хүрэх боломжтой” гэжээ.

 

Хүн төрөлхтний эрчим хүч гаргах хамгийн сайн арга

“Цөмийн эрчим хүч. Цаг уурыг өөрчлөхгүй, байгаль орчныг бохирдуулалгүйгээр эрчим хүч гаргах ганц боломж энэ юм” гэж Хокинг захижээ.

 

Эх сурвалж: Quartz