Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын өвөл хэр болдог вэ?

ikon.mn
2018 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монголчууд өвлийн хүйтэнд цасан шуурганаар автобус хүлээж, машиндаа түгжрэн зогсохдоо халуун орны хүмүүст чин сэтгэлээсээ атаархдаг уу? Рекламан дээр гардаг шиг Майами эсвэл Хайнан арлын эрэг дээр мөнх ногоон дал модны сүүдэрт коктейль шимэнгээ нарлаж хэвтэхийг мөрөөдөгч олон байдаг бол уу?

Гэхдээ, халуун оронд бас өөрийн гэсэн зовлон бий. Өнөөх баян тансаг Арабын Нэгдсэн Эмират улсад зун нь +45°C хүрдэг бол сэрүүний улиралд халуун нь сайндаа +25°C болж буурдаг учраас агааржуулагч бараадан аяллын бараг бүх өдрөө зочид буудалд өнгөрөөж таардаг гэж байгаа. Вьетнам бол бүр саун шиг, айхтар чийглэг уур амьсгалтай орон тул хэр баргийн хүн тэнд олон хонож тэсэхгүй. Өвөлдөө л ийм байна гээд төсөөлөөд үз л дээ, тамин ээ!

Кенид бол өвөл болдоггүй. Хүйтэрлээ, хүйтэрлээ гээд +15°C дулаантай өвөлжинө. Цас гээч юмыг нэг бариад үзчих юмсан гэх хүсэл Африк хүүхэд бүрт бий.

Халуун орны хар арьстай нэгэн ОХУ-д очвол жинхэнэ өвөл гээчийг үзэж нусаа хацартаа наана. Чийглэг уур амьсгалтай, нэмээд тэсгим хүйтэн. Орсон цас нь шавар шалбааг болохдоо амархан. Иванууд царгиа хүйтэн өвлийнхөө талаар дурсахдаа, 1941 оны өвөл Москвагийн ойролцоо болсон тулааны үеэр нэг немц цэрэг шатаж байгаа танкнаасаа зугтан хунгарласан цас руу үсрээд орж л дээ. Тэгсэн минут ч бололгүй цасан дотроос огло харайн шатаж буй танк руугаа эргээд мөлхөж түймэрт ойртон дулаацахаар оролдож байсан гэдэг. Цагтаа Наполеоны зүрхэнд шар ус хуруулж чадсан гэхээр Оросын өвөл ямар хахир гэдгийг та ойлгоно биз ээ.

Манайхан Якут ямар хүйтэн газар гэдгийг бүгд гадарлана. Ямар сайндаа л чукча нар дулаацах гэж хөргөгч худалдаж авдаг гэх онигоо гарч байхав. Тэгсэн Якутын ард түмэн хасах 50°C хэмд хөлддөггүй голд усанд орж, загас барина. Зарим газар нь -70°C хэмээс ч илүү хүрч хүйтэрдэг Якут хүйтэн үзээгүй нөхдийн хацар, дух чихийг тас хайрч, нус нь хамартаа хөлдөнө биз...

 

За тэгээд хөгшин Европ руу өнгийж үзвэл, Скандинавын орнууд өвөлдөө үгээр илэрхийлэмгүй үзэсгэлэнтэй, үлгэрийн орон шиг болж байхад Санта Клаусын эх орон гэгдэх Шведийн Лапландад цасаар хучигдсан ой мод нь туйлын туяанд ягаарч харагдахад үлгэрийн кинонд орсон мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ.

Бүх талаараа тэнгис далайгаар хүрээлэгдсэн нэрэнд нь ногоон гэдэг үг орсон мөртлөө (Greenland) өвөлдөө ногоон байгууламж харагдахгүй, нүүр нүдгүй цасаар шуурч байдаг янзын хүйтэн энэ улс зундаа хүртэл хасах хүйтэнтэй, битүү манантай, бас улирлаасаа шалтгаалаад их урт өдөр, шөнөтэй газар аж. Нэгдүгээр сарын дундуур очвол туйлын шөнөтэй үе нь таарч бүтэн сарын турш харанхуй таныг угтах нь.

 

Монголд маань удахгүй сэрүүсч хүйтний ам наашилна. Хүн бүр л “Өвөл боллоо, хүйтэрлээ, яана аа” гэж үглэцгээнэ. Цас ороод эхэлмэгц “гэр-ажил-гэр” гэсэн ганц маршруттай болчихно. Амралтын өдрүүдэд гайгүй сайхан нарлаг өдөр тохиовол хүүхэд, хөгшчүүлээ салхинд гаргаж авна. Хамаатан садан, найз нөхөдтэйгөө Шинэ жилийн баяраар уулзана. Үгүй бол өвөл дуусахын цагт Цагаан сараар золгож таарна. Аргагүй л дээ, өвөл эргэж харах ч тэнхэлгүй нэг цэгээс нөгөө рүү гүйхээрээ яваад эхэлдэг хүмүүс бид чинь.

Тэхдээ л “хүнд эх орон шиг сайхан газар байхгүй гэдгийг гадагшаа олон аялж үзсэн хүн бүр л хэлнэ. Бидний эх орон Монгол нутагт минь жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдож цасан гоёл нөмөрсөн өргөн уудам талд аргалын утаа суунаглуулан харагдах хув цагаан гэр хүн бүрийн сэтгэл зүрхийг хөдөлгөх үзэсгэлэнт нутагтай азтай хүмүүс. 
Ай даа, миний эх орон өвөлдөө үлгэрийн орон, зундаа диваажин болдог сайхан нутаг даа ...