Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Эд материалд хайрладаггүй мөнгийг бид оюуны хөрөнгө оруулалтаас харамладаг"

ikon.mn
2018 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Тоглоомоо харамладаг, зурагт, ухаалаг утас их хэрэглэдэг эсвэл өөртөө итгэлгүй бусдын өмнө дуугарч чаддаггүй зэрэг буруу дадал зуршил, зан араншинг хүүхэд хаанаас сурдаг вэ. Эцэг эх бид хүүхдийнхээ онцлог болон сэтгэл зүйг хэр сайн мэддэг бол. Хүүхдийн буруу дадал зуршилд эцэг эхийн хандлага ямар нөлөөтэй вэ.​

Бид хүүхдээ муу байна гэхээс илүү өөрсдөө хөгжиж, хандлагаа өөрчилж чадах уу зэрэг асуудлын талаар БНСУ-ын Сөүл хот дахь хүүхэд хөгжлийн төвийн ахлах зөвлөх Г.Бөртэ-Үжинтэй ярилцлаа. Тэрбээр тус төвд уншлагын ментор гэх манайд хараахан танигдаагүй мэргэжилтнээр ажилладаг юм.

-Эх, хүүхдийн зан аашны темпераментыг оношилж, зөвлөгөө өгдөг талаар сонсоод танай байгууллагыг анх зорьж очсон. Хүүхэд муухай ааш гаргалаа, үгэнд орсонгүй гэж эцэг эхчүүд ярьдаг ч өөрийнхөө ямар зан ааш гаргаж байгааг анзаардаггүй. Тэгвэл хүүхдийн хөгжилд ээжийн зан ааш ямар нөлөөтэй вэ?

-Хэрвээ хүүхэд маань миний хэлдгээр үгэнд ордоггүй, тогтож суудаггүй, хүмүүжилд нь нэг л буруу зүйл байгаад байвал энэ нь зөвхөн хүүхдийн асуудал биш юм. Жирэмсэн байхдаа ээж хэт их ядарч, ууртай байсан эсвэл хүүхдийнхээ хүсэл, онцлогийг ойшоохгүй бусадтай жиших зэрэг олон шалтгаанаас болж сөрөг асуудал гарч ирдэг.

Бид хүүхдээ өөрөөсөө тусдаа өөр нэг ертөнцтэй хувь хүн гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Жишээ нь, ээж “S” буюу дотогшоо бодолтой, төлөв даруу темпераменттай байхад хүүхэд нь “D” буюу хөдөлгөөнтэй, дэврүүн ээжийн эсрэг зан ааштай байж болно. Мэдээж хоёр өөр зан араншинтай хүн юм чинь харилцаанд зөрчилдөөн гарах магадлал их. Бид хүүхдээ өөрөөсөө тусдаа өөр нэг ертөнцтэй хувь хүн гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгж ойлгохгүйгээр ээж өөрөө даруу төлөв ааштай гээд л “D” темпераменттай хүүхдээ өөрийнхөөрөө байлгах гээд зөрөөд байж болохгүй. Манай төв ээж, хүүхдийн зан аашийг хоёуланг нь оношилж, зөвлөгөө өгдөг. Учир нь эцэг эх өөрсдөө хөгжиж, дадал зуршлаа засаж байж хүүхдээ өөрчлөх боломжтой юм.

-Ээж хүүхэд хоёр өөр зан ааш, онцлогтой байлаа гээд эцэг эх нь хүүхдийнхээ онцлогт бүхнийг тааруулах ёстой юу. Хэрхэн зөв харилцаа үүсгэх вэ?

-Эцэг эх хүүхдийнхээ онцлогийг ойлгоод давуу талыг нь өнгөлж, сул талыг нь засаж сайжруулах ёстой юм. Тэрнээс биш бүх зүйлийг хүүхдийнхээ хүссэнээр хийж, манай хүүхдийн онцлог нь ийм гээд “бууж өгөөд” байж болохгүй. Бид заримдаа хүүхдээ хэт эрхлүүлээд, заримдаа хэт чангадах гээд байдаг. Хүүхэд маань машин, чихэрт дуртай гээд л гадуур гарах бүртээ шинийг авч өгөөд байж болохгүй. Олон нийтийн газар хүүхдээ үймүүлэхээс сэргийлж байна гээд утас, чихрээр аргалаад байвал хүүхэд цаашид ч уйлж, үймүүлэх аргаар хүссэн бүхнээ авч сурна. Уйлж, орилж байсан ч хамаагүй болохгүй гэдгийг нь тайлбарлаж, ойлгуулах хэрэгтэй. Ойлгуулахдаа харин дээр дурдсан хүүхдийнхээ онцлогийг ашигла.

 
Нуршсан тайлбарт дургүй, нэг хоёр хэлээд ойлгодог онцлогтой хүүхэд байна. Үүний эсрэг онцлогтой ч хүүхэд бий. Хүүхэд юм чинь ойлгохгүй байх гээд тайлбарлахгүй орхиж болохгүй. Байнга ярилцаж, тайлбарлаж байвал тэд бүхнийг мэднэ, бүгдийг ойлгоно.

-Танай төвд Монгол эцэг эх хэр ирдэг вэ. Ихэвчлэн ямар асуудлаар ханддаг бол?

-Солонгос улсад ажиллаж амьдарч буй насанд хүрэгчидтэй ажилладаг монгол ажилтан их байдаг боловч хүүхэдтэй ажилладаг монгол хүн ховор учраас манай байгууллагыг зорьж ирдэг хүн их байдаг. Гэртээ эцэг эхийнхээ хажууд тоглож наадаад, сэргэлэн цовоо байдаг хүүхдээ цэцэрлэгтээ ямар байгааг анхаардаггүй ээж нэг өдөр эцэг эхийн хурал дээр очоод хүүхдээ “таниагүй” тохиолдол ч байна.

Бид хүүхдээ цэвэрхэн хувцаслаж, хоол хүнсээр дутаахгүй өсгөхөөс гадна сэтгэл зүрхийг нь ч бас аз жаргалаар дүүргэж байх хэрэгтэй. Найз нөхөдтэйгөө эвтэй байгаа эсэх, ямар хичээлдээ сонирхолтой байгааг нь асууж, ярилцаж бай. Манай төвд сард дунджаар 70-80 монгол хүн ямар нэгэн байдлаар холбогдож зөвлөгөө авдаг. Холоос ирж амжихгүй эцэг эх маань утсаар, интернэтээр ярилцдаг. Яг өөрийн биеэр ирж уулзаад зөвлөгөө авдаг 30 орчим хүн бий. Бид тэдэнтэй үргэлж эргэх холбоотой харилцахыг хичээдэг. Ер нь ухаалаг утас, зурагт их үздэг мөн олон нийтийн газарт орилж хашхирч дураараа байдаг зэрэг асуудлаар их ханддаг.

-Та зөвхөн Монгол үйлчлүүлэгчидтэй харилцдаг уу. Ихэнх эцэг эх монгол хүүхэд цаанаасаа хөдөлгөөнтэй, “сахилгагүй”, харин Солонгос хүүхэд цаанаасаа даруу төлөвтэй гэж ойлгох гээд байдаг. Хүмүүжлийн хувьд ялгарах зүйл гарч ирдэг ч үүнд үндэстний хамаарал бий болов уу?

-Мэдээж үндэстний ялгаа бий. Гэхдээ Солонгос хүүхдүүд будаа их иддэг болохоор л туниа муутай, дуу цөөтэй, даруухан гэдэг бол өрөөсгөл ойлголт. БНСУ 51 сая хүн амтай учраас боловсролоор өрсөлдөж байж л амжилтад хүрнэ. Боловсролоос гадна харилцаа маш чухал байр суурь эзэлдэг. Энэ хүн ямар хүмүүжилтэй, харилцаатай байна вэ гэдгийг ажлын ярилцлага дээр чухалчилдаг юм билээ. Өөрөөсөө нэг насаар ах, эгч хүнийг ч ахмад гэж хүндлээд толгой бөхийдөг хүмүүжилд багаасаа суралцдаг. Харин манайд энэ нь доромжлол болчихоод байдаг. Толгой бөхийгөөд мэндэлж байгаа нэгнийгээ шоолно. Хүүхдүүдээ үнэтэй хувцас, хичээлийн хэрэгслээр гангалаад л байна. Тэр хүүхэд ангидаа байгаа боломж муутай найзаа дээрэлхдэг, хэл амаар доромжилдог.

Хүүхдүүдээ үнэтэй хувцас, хичээлийн хэрэгслээр гангалаад л байна.

Би Солонгост ажиллаж, амьдардаг болохоор эндэхийн хүмүүсийг магтаад байгаа юм биш шүү. Гэхдээ үнэндээ солонгос хүүхдүүд цэцэрлэгтээ тийм үнэтэй хувцас өмсөж явдаггүй. Эцэг эх нь мөн адил таавчиг өмсөөд, даавуун цүнх бариад л явж байдаг. Харин манайхан матрын арьсан гутал, цүнхтэй мөртлөө хүүхдэдээ ном уншуул гэхээр цалингаа буухаар болно гээд авч өгдөггүй. Эд материалд хайрладаггүй мөнгийг бид оюуны хөрөнгө оруулалтаас харамладаг. Ялгаа нь энд л байдаг байх. 

-Та өөрийнхөө ажилладаг төвийн талаар ярихгүй юу?

-“Kids schole” хэмээх нэртэй энэ төв бол БНСУ-ын “ST Unitas” гээд боловсролын салбарын тэргүүлэгч байгууллагын охин компани юм. Энэ байгууллага ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд гадаад хэлний сургалт явуулж бусад орон руу зуучлах, төрийн албан хаагчдад мэргэшил олгох зэрэг сургалт явуулдаг. Олон жилийн турш дээрх сургалтуудыг явуулж байгаад ер нь хүүхдүүд багаасаа сурах арга барил буруу эзэмшиж байгааг олж харсан юм билээ. Ингээд АНУ, Их Британи, Еврей, Сингапур зэрэг орны боловсролын талаар нарийн судалгаа хийж үзээд тэдгээр улсад “Гэр сургууль” өндөр хөгжсөн байгааг анзаараад хэрэгжүүлж эхэлсэн. Судалгаагаар 0-12 нас бол хүүхдийн боловсролын дадал суухад хамгийн чухал нас гэж үзсэн.

Тиймээс хүүхдийнхээ сургуульд орох хүртэл боловсролын суурийг эцэг эхчүүд өөрсдөө хариуцах ёстой юм байна гээд “Гэр сургууль”-ийн талаар эцэг эхэд зөвлөгөө өгч, сургадаг төв нээсэн. Бид хүүхдийнхээ боловсрол, төлөвшлийг зөвхөн цэцэрлэгт найдаад орхиж болохгүй.

-“Гэр сургууль”-ийг хэрхэн зөв зохион байгуулах вэ. Та ном хамгийн чухал гэж онцолсон. Үнэндээ хүүхдээ чөлөөт цагаар нь гэртээ байлгаснаас сургалтын төвд хамруулсан нь үр дүнтэй юм шиг санагддаг шүү дээ?

-Үүнийг хэрэгжүүлэхийн тулд эцэг эх цаг зав гаргах нь хамгийн чухал. Дараа нь сэтгэл хэрэгтэй, мөн хэрэгсэл байх ёстой. Хэрэгсэл нь ном юм. Номны ач тус, гавьяаг би энд ярих нь илүү байх. Үг цээжлэх карт, үнэтэй сургалтын төв гээд хүүхдийн боловсролыг дээшлүүлэх олон арга зам бий. Гэхдээ эцэг эх гэртээ ном уншиж өгсөнөөр хүүхдийн зан араншин, хүмүүжилд маш олон эерэг зүйл гардаг. Найзтайгаа эв найрамдалтай, тоглоомоо хувааж тоглодог тухай номыг сайн ойлготол нь тайлбарлаад уншаад өгөхийг л завлөөд байгаа юм. Би сургалтын төв, цэцэрлэгийн боловсролыг үгүйсгээгүй юм шүү.

Миний хүүхдийн төлөвшилд надаас илүү сэтгэл гаргах хүн байхгүй.

Миний хүүхдийн төлөвшилд надаас илүү сэтгэл гаргах хүн байхгүй. Мөн хүүхдэдээ ном авч өгчихөөд, хажууд нь утсаа оролдоод, зурагтаар кино үзээд байж болохгүй. Орой бүр 30 минут зарцуулаад, хүүхдэдээ ном уншиж өг. Эхлээд өөрөө тэр номоо уншаад хуудас бүрээс хүүхдэд ойлгуулах мэдээллээ түүж авна. Цэцэрлэгийн багшийн уншиж өгсөн номыг сайн ойлгодог мөртлөө ээжээрээ ном уншуулах дургүй хүүхэд байдаг.  Багш нь сонирхлыг нь татах аргаар уншиж өгдөг болохоор хүүхдүүд дуртай байгаа юм. Ээж харин өгүүлбэр бүрийг нэг бүрчлэн уншаад залхаадаг. 

-Энэ төвд ажилласнаас хойш та гэр бүлдээ болон хүүхдийнхээ төлөвшилд ямар өөрчлөлт хийсэн бэ?

-Би энэ байгууллагад ажиллаад жил гаран болж байна. МУБИС-ийг сэтгэл судлаач мэргэжлээр төгсөөд “Инээмсэглэл" сэтгэл зүйн төв болон “Адра Монголд”-д ажиллаж байсан. Мэргэжлээ дээшлүүлж, дахин сурч боловсроё гэж шийдээд БНСУ-ыг зорьж ирээд хоёр дахь магистрын ангидаа суралцаж байна. Эхний удаа өөрийнхөө  мэргэжлийг дээшлүүлж магистрын зэргээ хамгаалсан бол одоо солонгос хэл судлалаар суралцаж байгаа. Мэдэж сурсан зүйлээ монгол эцэг эх нартаа дамжуулж, завлөх боломж олгосон энэ ажилдаа их дуртай.

Манай охин гурван настайдаа Солонгост ирээд шинэ цэцэрлэг, орчин гээд л бусад хүүхэдтэй адилхан бэрхшээлтэй тулгарсан. Зурагт үзэх их дуртай. Ном уншиж өгөхөөр дургүйцэх хандлагатай байсан ч олон удаагийн давталтаар дуртай болж эхэлсэн. Би ганцаараа мундаг ээж болчихоод эдгээр зүйлийг яриад байгаа биш юм. Манай гэр бүлд ч дээрх асуудлууд тулгардаг. Харин оновчтой гарц гаргалгааг нь олж мэдсэн болохоор үүнийг олон гэр бүлд хүргэхийг л хүсдэг. Мөн хүүхдийн төлөвшилд аав хүн ээжтэй тэгш хувь нэмэр оруулах ёстой гэдгийг ойлгосон.

 

-Хүүхдэдээ ном уншиж өгөх, унтуулах, хооллох зэрэг ажил ихэнхдээ ээжид оногддог. Харин аав хүн хүүхдийнхээ төлөвшилд хэрхэн тэгш хувь нэмэр оруулах вэ?

-Хүүхдийн хөгжлийн асуудал зөвхөн ээжийн ажил биш юм. Үүнд аавыг давхар оролцуулах шаардлагатай. Эцэг эх хоёулаа ажлаа зөв хуваарилаад хүүхдэд цаг гаргах ёстой. Энэ бол зөвхөн ээжийн үүрэг биш аавын, хүүхдийн тухайн гэр бүлийн бүх гишүүдэд хамаатай. Ээж хүүхдэдээ ном уншиж өгч байвал аав нь хоолоо хийж, гэрээ цэвэрлэж болно. Ер нь ээж бүхнийг амжуулна гээд ганцаараа зүтгээд байхаар гэр бүлд эрүүл харилцаа үүсдэггүй.

Мөн хүүхдээрээ ч гэсэн өөрийнх нь чадах гэрийн ажлуудыг хийж сургах ёстой. Чи энэ гэр бүлийн гишүүн болохоор өөрийн хийж чадах зүйлийг бие дааж хийх ёстой гэсэн ухааныг суулгах хэрэгтэй. Чиний идэж байгаа амттанг мөнгөөр авдаг. Тэр мөнгийг аав, ээж ийм ажил хийж авдаг гэдгийг ойлгуул. Ер нь хүүхдээ багаас нь санхүүгийн мэдлэгтэй болгох хэрэгтэй юм билээ. Хамтдаа хөгжиж, хамтдаа асуудлыг шийдэж чадвал эрүүл, аз жаргалтай харилцаа үүснэ.

 

Ярилцсан Э.Нямдулам