Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

М.Мөнхшүр: Талийгаач "Гоёо" биш "Мөнх Хөрш" компанийн ажилчин байсан

М.Мөнхтунгалаг, Үндэсний шуудан
2018 оны 10 сарын 15
Үндэсний шуудан
Зураг зураг

''Өнгөрөгч баасан гаригт “Үндэсний үйлдвэрлэгч “Гоёо" ХХК-ийн 17 ажилчин үл мэдэгдэх химийн бодисын хордлогод орж нэг хүн газар дээрээ нас барж хоёр хүний биеийн байдал хүнд, 15 хүнд хордлогын шинж тэмдэг илэрсэн байдалтай байна” гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Мэдээллийн дагуу тодруулбал, энэ сарын 13-ны шөнийн 02.21 цагт цагдаагийн байгууллагын утсанд хордлогын талаарх мэдээлэл иржээ.

Цэргийн төв эмнэлгийн хүлээн авах тасагт угаартсан хоёр хүн хүргэгдэж ирээд нэг хүн нь нас барсан байдалтай байна гэх дуудлага, мэдээллийн дагуу шалгахад ХУД-ийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гоёо” ХХК-ийн үйлдвэрийн агуулахад уг хэрэг гарсан байжээ.

Хэргийн талаар ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан М.Мөнхшүрээс тодруулахад тэрбээр “ХУД-ийн цагдаагийн I хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэрэг болсон гэх газар ХУД-ийн III хорооны нутаг дэвсгэрт орших “Гоёо” компанийн ээрмэлийн үйлдвэрийн агуулах. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гурван хүн угаартаж нэг хүн нас барж хоёр хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Талийгаач нь гагнуурчин мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай, 35 настай эрэгтэй байсан” гэлээ.

Уг хэрэгтэй холбогдуулан ЭМЯ-наас мэдээлэл авсан юм. Дээрх хүмүүс юунд хордсон болох, биеийн байдал ямар байгааг ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа. Тэрбээр “Өнгөрөгч баасан гаригийн шөнийн 12.00 цагийн орчимд дуудлагын дагуу Түргэн тусламжийнхан үндэсний үйлдвэрлэгч “Гоёо” компанийн ээрмэлийн үйлдвэрт очсон. Биднийг очиход 17 хүн хордсон байдалтай байсан. Биеийн байдал нэлээд хүнд хоёр хүнийг эмнэлэг рүү зөөвөрлөсөн ч нэг нь замдаа түргэний машинд амьсгал хураасан.

Нөгөөгийнх нь биеийн байдал хүнд гэсэн оноштойгоор Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд эмчлүүлж байгаа. Хордлогын шинж илэрсэн 17 хүний дөрөв нь эмнэлэгт эмчлүүлж байна. Бусад нь биеийн байдал дээрдсэн. Эмнэлэгт хэвтсэн дөрвөн хүний нэг нь хүнд, нэг нь хүндэвтэр, хоёр нь дунд зэргийн хордлоготой байна. “Хордлогын шалтгаан, нөхцөлийг шалгаж байна. Бензиний үнэр, нүүрсхүчлийн дутуу ислийн хордлого байх магадлалтай байна. Хордсон ажилчид “Гоёо” компанийн барилгад гэрээгээр ажил гүйцэтгэж байсан хүмүүс байсан” гэв.

Албаны эх сурвалжуудын өгсөн мэдээлэл болон хордлогод орсон, эмнэлгийн тусламж авч байгаа гэх хүмүүсийн тоон мэдээлэл зөрүүтэй байсан тул бид хордсон ажилчдын эрүүл мэнд болон биеийн байдал ямар байгааг тодруулахаар Цэргийн төв эмнэлэг Госпитал дэх Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв эмнэлгийг зорилоо. Биднийг тус төвд очиход мэдээлэл өгөх хүн байсангүй.

“Амралтын өдөр тул эмч нар байхгүй. Ээлжийн сувилагч нарыг хариуцаж байгаа эмч яаралтай хагалгаанд орсон. “Гоёо” үйлдвэрээс хордож ирсэн хоёр л хүн бий. Нэгнийх нь биеийн байдал сайжирсан тул бямба гаригт эмнэлгээс гарсан. Одоогоор нэг л хүн эмчлүүлж байна. Өөр мэдээлэл өгч чадахгүй” гэдгийг нэрээ хэлэхээс зайлсхийсэн сувилагч эмэгтэй хэлсэн юм.

Харин “Гоёо” компанид тодорхой албан тушаал хашдаг эх сурвалжаас болсон явдлын талаар тодруулахад “Компанийн ээрмэлийн үйлдвэрт засвар хийж байсан туслан гүйцэтгэгч компанийн ажилчид хордсон харамсалтай хэрэг боллоо. Урьдчилсан шалгалтаар ажилчид барилгын ажилдаа ашигласан бодисондоо хордсон байх магадлалтай гэх таамагт хүрсэн. “Мөнх харш” компанийн гурван ажилтан нэг өрөөнд хамт засвар хийж байсан.

Ээрмэлийн үйлдвэрийн үндсэн ажилчид хордоогүй гэдгийг хэлье. Үүнээс өөр тодорхой мэдээлэл өгч чадахгүй. Одоогоор туслан гүйцэтгэгч компанийн хоёр, “Гоёо’’-гийн үндсэн нэг ажилтан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” гэсэн мэдээлэл өглөө. Бид “Мөнх харш” компанийн захирал Ганбаатарын 990521.., 990097.. гэх утас руу нь залгасан боловч дуудлага хүлээн авсангүй. Тухайн үед юу болсон, хэчнээн хүн хордсон, амиа алдсан иргэнтэй холбоотой мэдээлэл авахаар “Гоёо” компанийн Хүний нөөцийн захирал Т.Сарангэрэлтэй утсаар холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

-Танай компанийн 17 ажилтан химийн бодисонд хордсон тухай мэдээлэл гарч байна. Танай компанийн ажилчид мөн үү?

-Манай компаниас зарласан тендерт шалгарч, туслан гүйцэтгэгчээр ажиллах болсон “Мөнх харш” компанийн гурван ажилтан энэ сарын 12-ны өдөр үйлдвэр дээр ирсэн юм. Засвар эхлүүлэх бэлтгэл ажлаа хангахаар яваагаа хэлсэн. Ингээд машин суурилуулах цех рүү орсон. Тусгаарлах тэмдэг тавьж, бүс тогтоон, цементийг цахилгаан хөрөнгөөр зүсэх ажил хийж байсан юм. Эхлээд нэг хүнийх нь биеийн байдал муудсан тул эмнэлэгт дуудлага өгсөн.

Эмнэлгийн машинаар эмнэлэгт хүргэгдэх замдаа нэг хүн нь нас барсан харамсалтай явдал гарсан байна. Хоёр хүнийх нь бие харьцангуй гайгүй байсан. Тэр гурван хүний ойролцоо буюу хажуугийн өрөөнд нь манай ээрмэлийн үйлдвэрийн 14 ажилтан байсан. Хордсон байж магадгүй гэж сэрэмжлэх үүднээс ажилтнуудаа эмнэлэгт шинжилгээ өгүүлсэн. Нэгээс бусдад нь хордлогын ноцтой шинж тэмдэг илрээгүй. Тэдгээр гурван ажилтан, манай 14 ажилтантай андуурагдаж, 17 гэсэн мэдээлэл яваад байна.

-Химийн бодисонд хордсон болов уу гэсэн таамаг бий. Танай үйлдвэр химийн бодис ашигладаг уу?

-Цахилгаан хөрөө нь бензинээр ажилладаг юм билээ. Удаан ажиллаж, халсан хөрөөний шатахуун нь халсны улмаас ялгарсан утаанд угаартсан болов уу гэсэн таамаглал бий. Гэхдээ эцсийн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд тодорхой болгох байх.

Энэхүү харамсалтай хэрэг ажлын сүүлийн өдөр буюу өнгөрөгч баасан гаригийн шөнө болсон. Хэдийгээр хэрэг явдал амралтын өдрүүдтэй давхацсан ч одоогийн байдлаар бидэнд олдсон мэдээлэл ийм байв. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж, тоног төхөөрөмж, техникийн аюулгүй ажиллагааны горим алдагдсан эсэхэд анхаарал хандуулдаггүй манай барилгын компаниудын хэнэггүй үзэгдэлтэй шууд холбоотой энэ хэрэг бидэнд том сургамж боллоо, Тиймээс бид энэхүү хэргийг цаашид үргэлжлүүлэн нягталж асуудлыг хөндөх болно.

Зураг