Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Элдэв-Очир: Малын тоог тодорхой хэмжээнд хязгаарлахыг малчид өөрсдөө дэмждэг болсон

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2018 оны 10 сарын 15
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очиртой ярилцлаа.

-Малын эрүүл мэндийг хамгаалах, иргэдийг эрүүл хүнсээр хангахад чиглэсэн Малын эрүүл мэндийн тухай хууль болон Генетик нөөцийн тухай хуулийг өнгөрсөн зургаадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Гэсэн ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг олон хүн шүүмжилж байна. Салбар хариуцсан Байнгын хороо болох Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хуулийн хэрэгжилтэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Чуулганы завсарлагаагаар УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогтоо ажиллахдаа хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс сурталчилгааны ажлууд хийсэн. Хуулийг хэрэгжүүлж байгаа. Харин хэрэгжилт удаашралтай байна гэсэн шүүмжлэл дагуулсаар байна. Гэхдээ бүтэц зохион байгуулалт, Засгийн газрын тодорхой шийдвэрүүд, төсөв мөнгөний асуудлаас болж хэрэгжилт удаашралтай байгаа юм билээ. Цаашид хуулийг тууштай хэрэгжүүлэх байх. Хуулийн дагуу мал аж ахуйн газар гэж агентлаг байгуулагдсан.

Одоо 19 аймагт бүтцийн зохион байгуулалт хийж, даргыг нь томилсон байна. Үлдсэн аймгуудад ойрын хугацаанд даргыг нь томилох байх. Ямартай ч мал эмнэлгийн ерөнхий эмчтэй болсон. Өнгөрсөн зун, намрын хугацаанд хийсэн гол ажил нь 16.2 сая малыг угаалгад оруулсан. Нийт малын 30 хувийг угаалга, туулгад хамруулах ажил одоо дуусаж байна. Ирэх жилээс бүх малыг хамруулна. Нийт мал ариутгах, угаах 25 төхөөрөмжийг аймгуудад хуваарилсан. Малын удмын сангийн үндэсний төвийн хувьд 2011 оноос хойш барилгын ажил нь нэлээд удаашралтай байсан.

Харин өнгөрсөн жил хөрөнгийг нь төсөвт суулгаснаар энэ жил ашиглалтад орсон. Малын удмын сангийн үндэсний төв нь Генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой удам зүйн асуудалд онцгой анхаарч байгаа. Одоо үйл ажиллагаа нь жигдэрчихсэн байна. Ийм л нөхцөл байдалтай байна даа. Бидний зүгээс хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох чиглэлүүд өгч байгаа.

-Хуулиудын хэрэгжилтийг сайжруулбал ямар үр дүн гарна гэж харж байгаа вэ?

-Эрүүл хүнс болоод мах, махан бүтээгдэхүүн экспортлох ажил сайжирна. Хонины нэхийний хувьд л гэхэд өвчлөлөөс үүдсэн цооролгүй болчихвол экспортлох боломж бүрдэх юм. Цаашдаа эрүүл мал, эрүүл хүн гэсэн үндсэн зорилгод хүрнэ гэж харж байгаа. Энэ хуулийг төгс хэрэгжүүлэхийн тулд малын тоог анхаарах нь зөв. Өмнө нь тариалангийн бүс нутгаар явахад малчид, тариаланчдын хооронд сөргөлдөөн бий болдог талаар ярьж байсан.

Харин Засгийн газраас тариалангийн бүс нутгийг тогтоож өгснөөр талбай булаацалдахгүй болсон байна. Гэхдээ тариалангийн талбайд мал орох асуудлаас болж маргаан тасрахгүй байгааг тариаланчид хэлж байсан. Зөвхөн тариалангийн бүс нутагт биш бүх нутагт газрын маргаан их гардаг болсон байна билээ. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газраас Бэлчээрийн тухай хуулийн төслийг боловсруулж, холбогдох газруудаас санал авч байгаа. Энэ хуулийг нэн яаралтай батлуулж, хэрэгжүүлэх шаардлагатайг малчид ч ярьж байсан.

-Малын тоог цөөлөх шаардлагатай юу?

-Малчид малынхаа тоог цөөлөх, татвар хураамж өгдөг байх, малаа чанаржуулах шаардлагатай гэдэг ойлголттой болсон байна. Дотоодын болон гадаадын олон төрлийн судалгаа хийсэн. Нийт малчин иргэний 85 хувь нь хуультай болж, малын тоог тодорхой хэмжээнд хязгаарлаж, малаа чанаржуулъя гэдгийг хэлсэн байна.

-Бэлчээрийн тухай хуулийг хэзээ хэлэлцэх вэ?

-Засгийн газраас энэ чуулганы хугацаанд УИХ-д өргөн барих болов уу гэж итгэж байна. Энэ хуулийн талаар 1994 оноос хойш олон хүн ярьсан ч улс төрөөс шалтгаалж өдийг хүртэл баталж чадаагүй юм билээ. Засгийн эрх барьж байгаа улс төрийн нам, хүчнүүд иргэдээс хасах үнэлгээ авчих вий гэж айж, цэрвэж явсаар өдийг хүрсэн.

Энэ хуулийг баталж, хэрэгжүүлснээр Малын эрүүл мэндийн тухай болон Генетик нөөцийн тухай хуультай хавсарч хөдөө аж ахуйн салбарын алдагдсан бодлогыг голдрилд нь оруулах ёстой. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ асуудалд онцгой анхаарч ажиллаж байгаа. Шүүмжлэл ч дагуулж байна.

-Тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ гэж ярьж байна. Эрчимжсэн мал аж ахуйг шуурхай, хурдан хөгжүүлэхийн тулд ямар гарц шийдэл ашиглах нь зөв гэж харж байна вэ?

-Монголын мал аж ахуй уламжлалт болон эрчимжсэн чиглэлээр хөгжинө. Бэлчээрийн мал аж ахуй хэвээрээ байна. Харин үүн дээр нэмж тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхийг зориод байгаа юм. Малчид ч өөрсдөө сайн ойлголттой болсон байна.

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэж байгаа. Энэ хуулиар ус бохирдуулсны төлбөрийг хэрхэн тооцож авахаар төлөвлөж байгаа вэ?

 -Аливаа бизнес эрхэлж байгаа хүмүүс ус бохирдуулсны төлбөр төлөх нь зөв. Гэхдээ Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар эхний удаад хувийг нь тэг байхаар тусгасан. Ингэж байж хүмүүсийг дасгаж, дараагийнхаа арга хэмжээг авах нь зөв байх. 

-Томоохон аж ахуйн нэгжүүдийн ус бохирдуулсны төлбөрийг тэг болгох нь гэж нэлээд шүүмжилж байсан? 

-Хуулийн үндсэн гол бодлого нь усыг их бохирдуулж байгаа аж ахуй нэгжээс их төлбөр, бага бохирдуулснаас нь бага төлбөр авъя гэж байгаа юм. Харин хэрэглэсэн, бохирдуулсан усаа цэвэршүүлээд эргээд ашиглаж байгаа газруудад урамшуулал олгох, татварыг нь тэг болгох зохицуулалттай. Тиймээс ус их бохирдуулж байгаа бол их л татвар төлнө. Харин хуулиар хэн нэгнийг хаацайлж, татвар төлөгчдийг өмгөөлсөн зүйл байхгүй. Харин ч хариуцлагыг нь нэмэгдүүлэх бодлого бий.

Зураг