Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Санхүүгийн салбарт тоон гарын үсгийн технологийг нэвтрүүллээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 15
iKon.MN

Монголбанкнаас нэвтрүүлж буй “Монгол Улсын санхүүгийн салбарын нийтийн түлхүүрийн дэд бүтцийг хэрэгжүүлэх” төслийг хүлээж авах үйл ажиллагаа Аравдугаар сарын 10-ний өдөр Монголбанкны төв байранд болж өнгөрлөө. 

Төслийн гүйцэтгэгчээр Тридум э-Секьюрити ХХК ажиллаж, төлөвлөсөн хугацаандаа, амжилттай гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгч байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаанд арилжааны банкуудын төлөөлөл оролцлоо.  Энэ талаар Тридум э-Секьюрити ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Аюушжавтай ярилцлаа. 

 

- Юуны өмнө Тоон гарын үсэг гэж яг юу болох, үүнийг нэвтрүүлснээрээ ямар давуу талтай болох талаар яриагаа эхлүүлье гэж бодож байна.

- Хамгийн энгийнээр тайлбарлавал цахим орчинд тухайн иргэнийг яг өөрөө мөн гэдгийг бүрэн нотолж чадах, хуулиар баталгаажсан дижитал технологийг хэлээд байгаа юм. Үүнийг ашигласнаараа бидний өдөр тутамд авдаг маш олон үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цаг завыг хэмнэхээс гадна эргээд үйлчилгээ үзүүлэгч байгууллагадаа хялбар, эдийн засгийн хувьд хэмнэлт болж чаддагаараа давуу талтай. Дээрээс нь нууцлал, аюулгүй байдлын хувьд ч олон улсын түвшинд хамгийн найдвартай шийдэл болдог. 

 

- Монголбанкин дээр хэрэгжүүлсэн энэ төслийнхөө талаар мэдээлэл өгвөл.

- Төлбөрийн системийн шинэчлэл төслөөс санхүүжүүлж буй энэхүү “Монгол Улсын санхүүгийн салбарт нийтийн түлхүүрийн дэд бүтцийг байгуулах” төслийн тухайд, бид энэ оны хоёрдугаар сард гэрээ байгуулан, төлөвлөсөн хугацаандаа буюу 8 сарын дотор хэрэгжүүлж, одоогоор үйл ажиллагаанд нэвтрүүлж эхлээд байгаа юм. 

Төслийн хүрээнд гүйцэтгэл, нэвтрүүлэлтийн төлөвлөгөөг гаргахаас эхлээд дэд бүтцийг байгуулахад шаардлагатай тоног төхөөрмж, програм хангамжуудийг нийлүүлж, мөн суурилуулалт, тохиргоо, шалгалт туршилтууд гээд бүх л үе шатуудыг төлөвлөгөөний дагуу өөрсдийн мэргэшсэн, чадварлаг инженерүүдийн хүч бололцоогоор гүйцэтгэж дуусаад байна. 

Тридум Э-Секьюрити компани нь Монгол Улсад тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөлтэй, энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх эрхийг авсан хоёр дахь байгууллага 

Мөн Монголбанк дээр нэвтрүүлээд буй систем нь дэлхийд тэргүүлж буй Швед улсын PrimeKey компанийн технологийн шийдэл юм. Яг энэ системийг дэлхийн хөгжингүй орнууд болох Турк, Швед, Герман, Малайз, Арабын Нэгдсэн Эмират гэх зэрэг орнуудад нэвтрүүлээд ашиглаж байна. Энэ дундаа Швед, Герман улсууд төв банкны системдээ ашиглаж байгаа нь энэ системийн хэр найдвартай, олон улсын хэмжээнд шалгарсан шийдэл вэ гэдгийг харуулж байна гэж бодож байна.

Нөгөөтэйгүүр манай Тридум Э-Секьюрити компани нь Монгол Улсад тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөлтэй, энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх эрхийг авсан хоёр дахь байгууллага болсон. Энэ нь ч уг төслийг амжилттай, төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэхэд том түлхэц боллоо гэж дүгнэж байна.

 
 

- Санхүүгийн салбарт тоон гарын үсгийг нэвтрүүлэх төсөл гэж та хэллээ. Энэ тухай дэлгэрүүлээч. Жишээ нь одоо зарим төрийн үйлчилгээнд тоон гарын үсэг ашиглагдаж байгаа. Үүнээс юугаараа онцлог вэ?

- Энэ төсөл нь Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хийгдэж байгаа “Төлбөрийн Системийн Шинэчлэл Төсөл”-ийн нэг хэсэг. Тийм ч учраас банк, санхүүгийн салбарт нэвтрүүлж, банк хоорондын, цаашлаад арилжааны банкуудын харилцагчиддаа хүргэх цахим үйлчилгээг хялбар, хүртээмжтэй болгохоос гадна, аюулгүй байдлыг хангах үндсэн зорилготой. Одоогоор банк хоорондын төлбөр тооцооны Их дүнтэй гүйлгээний бодит цагийн систем (RTGS), бага дүнтэй гүйлгээний (ACH) болон бусад төлбөр тооцооны системүүдэд ашиглагдаж эхлээд байгаа юм. 

Мөн арилжааны банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас Монголбанк руу хандаж буй зээлийн мэдээллийн сан, валют, үнэт цаасны арилжааны, тайлангийн гэх мэт хандалтуудын нууцлал, аюулгүй байдлыг хангахаас гадна Монголбанкны дотоод системүүдэд нэвтрүүлж, хэрэглээнд оруулах ажил хийгдээд явж байна. 

Үүнээс гадна бидний нэвтрүүлсэн энэ төслийн хүрээнд хэрэглэгчид ухаалаг утас, таблет дээрээсээ ашиглах боломж бүхий мобайл шийдлийг нэвтрүүлж, аппликэйшнүүдийг хөгжүүлснээрээ анхдагч болж байгаа. Бүхий л төлбөр тооцоо ер нь гар утас, ухаалаг төхөөрөмж дээрээс дижитал байдлаар хийгддэг болж байна шүү дээ. Тиймээс манай энэ шийдэл цаг үетэйгээ нийцсэн, ирээдүйд гарч ирэх шинэ технологи, тэдгээрийг ашигласан үйлчилгээнүүдэд нийцээд явах бүрэн боломжтой гэж ойлгож болно. 

Цаашдаа арилжааны банкууд энэхүү дэд бүтцийг ашиглан ямар нэг нэмэлт хөрөнгө оруулалт гаргахгүйгээр харилцагчиддаа цахим үйлчилгээгээ илүү ойртуулах боложтой болж байгаагаараа онцлог.

- Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

- Баярлалаа. Та бүхэнд ч мөн ажлын амжилтыг хүсье. 


Энэхүү үйл ажиллагааны үеэр Монголбанкны Төлбөр Тооцооны газрын захирал Э.Анар уг тоон гарын үсгийн системийг Монголбанкны албан баримт хөтлөлтийн дотоод системд хэрхэн нэвтрүүлэн ашиглаж эхэлсэн талаар үзүүлж, танилцуулсан ба ингэснээрээ зөвхөн байгууллагынхаа дотоод сүлжээнээс хандаж ажилладаг байсан уг системийг зайнаас, хүссэн газраасаа ашиглах боломж нээгдэж байгаа тухай дурдсан юм.

 

Мөн Монгол Улсын санхүүгийн салбарын Тоон гарын үсгийн системийн хамгийн анхны буюу 001 дугаартай токенийг Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд гардуулан өгсөн байна. 

 
 
 
 
Төслийн гүйцэтгэгч Тридум э-Секьюрити компани нь Монгол Улсын мэдээллийн технологи, цахим аюулгүй байдлын салбарт 13 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай бөгөөд Монгол Улсад тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл бүхий компани юм.