Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол оюутнуудыг Их Британид сургах Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийг сунгалаа

ikon.mn
2018 оны 10 сарын 12
iKon.MN
 

“Чевнингийн сургалтын тэтгэлгийн түншлэлийн тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг сунгах хүсэлтэй байгаагаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филип Малонтой уулзах үеэрээ илэрхийллээ.

Монгол оюутнуудыг Их Британийн их, дээд сургуулиудад магистрын сургалтад сургах Чевнингийн тэтгэлгийг Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамнаас жил бүр олгодог бөгөөд тухайн жилд суралцах оюутны тоо болон мэргэжлийн чиглэлийг талууд хамтран тодорхойлдог байна.

Энэ хүрээнд 2014 онд 7, 2015 онд 13, 2016 онд 13, 2017 онд 12, 2018 онд 15 оюутан тус магистрын тэтгэлэгт хамрагджээ.

Өнөөдрийн уулзалтаар хоёр тал уг тэтгэлгийн санамж бичгийг сунгах зөвшилцөлд хүрлээ.

Кембрижийн хөтөлбөрийг Монголын бүх сургуульд нэвтрүүлэх талаар санал солилцлоо

Түүнчлэн хоёр тал Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудын талаар санал солилцлоо.

2011 оноос эхлэн хуучнаар БСШУЯ нь Кембрижийн олон улсын шалгалтын төвтэй хамтран Улаанбаатар хотноо Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэх ерөнхий боловсролын гурван сургууль /“Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл”/ -ийг байгуулсан. 2017-2018 оны хичээлийн жилд дээрх сургуулиудад нийт 828 сурагч суралцаж байгаа юм.

Кембрижийн Олон улсын шалгалтын төвтэй хэрэгжүүлсэн хамтын ажиллагаа эерэг үр дүнтэй байж, Кембрижийн стандартыг нэвтрүүлсэн гурван сургууль зорилгоо бүрэн хангасан. Тус сургуулиудын сурагчдын сурлагын амжилт, багш нарын мэргэжлийн ур чадвар өндрөөр үнэлэгдэж байгааг хоёр тал харилцан санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч цаашид уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх, хэрэв хэрэгжүүлбэл цөөн тооны биш бүх сургуулиудад тус хөтөлбөрийг нэвтрүүлэх талаар санал солилцлоо. 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам