Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Оросоос зэвсэг худалдаж авсан Энэтхэгийн эсрэг яаралтай хариу арга хэмжээ авна гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Шинэ Делид айлчлах үеэр Энэтхэгийн засгийн газар агаараас хамгаалах орчин үеийн зэвсэг болох С-400 системийг $5 тэрбумаар худалдаж авах гэрээ байгуулсан билээ.

Хэдийгээр АНУ-ын засаг захиргаа анхааруулсаар байсан ч ерөнхий сайд Нарендра Моди Вашингтоны сүрдүүлгийг тоолгүй Оросоос зэвсэг авахаар болсон юм.

Вашингтон Оростой зэвсгийн наймаа хийсэн улс орнуудад эдийн засгийн хориг арга хэмжээ авах CAATS (Countering America’s Adversaries Through Sanctions Act) хуулийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Тиймээс Энэтхэг улсын засгийн газарт АНУ-ын зүгээс шийтгэл оноох нь гарцаагүй болоод байна.

Энэ талаар өчигдөр Дональд Трамп сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Та нар удахгүй харах болно. Бодож байгаагаас чинь хурдан хариу арга хэмжээ авна” гэжээ.

Энэтхэгээс өмнө Хятад, Турк улсууд ОХУ-аас зэвсэг худалдан авч, АНУ-ын хоригийг зөрчсөн юм. Хятадын зэвсэгт хүчний бэлтгэн нийлүүлэлт хариуцдаг байгууллагад Вашингтон эдийн засгийн хориг зарласан бол Туркийн эсрэг ямар нэг арга хэмжээ одоогоор аваагүй байна.

Турк улс NATO-гийн гишүүн тул шийтгэл онооход асуудал тулгарч байж болзошгүй юм. С-400 систем нь алсын зайнаас агаарын довтолгоог эсэргүүцэх хамгийн орчин үеийн зэвсэг.

Энэхүү систем нь байлдааны нисэх онгоцнуудыг 400 км-ийн зайнаас, тактикийн баллистик пуужингуудыг 60 км зайнаас илрүүлж, эсэргүүцэх чадвартай. Оросын арми хуучин С-300 системүүдээ 2007 оноос эхлэн С-400 системээр сольж эхлээд байна.

 

Эх сурвалж: Russia Today