Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Алуурчин барыг барихын тулд энэтхэгчүүд Кэлвин Клайны үнэртэнг ашиглана

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Нийт 9 хүний амийг бүрэлгээд байгаа догшин барыг барихын тулд Энэтхэгийн эрх баригчид Кэлвин Клайны үнэртэнг ашиглахаар төлөвлөж байна.

T1 гэж нэрлэгдсэн 6 настай бар Махараштра мужийн Пандхаркавада хотын оршин суугчдыг сүүлийн үед айдаст автуулаад байгаа юм.

Байгаль хамгаалагчид энэхүү араатныг барихын тулд ихээхэн хүч гаргаж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна. Өнгөрсөн долоо хоногт тэд таван заанаар үргээлэг хийх үед нэг заан нь өөрөө үргэн догширч, ойр орших тосгоныг сүйтгэхдээ нэг эмэгтэйн амийг хөнөөжээ.

Тиймээс тэд одоо ээлжит арга болох эрэгтэй хүний үнэртэнг ашиглах талаар бодож эхэлсэн байна.

Кэлвин Клайны Obsession нэртэй үнэртэн муурын овгийн энэ араатныг өдөөж, татдаг болохыг 2003 онд Нью-Йоркийн Бронкс амьтны хүрээлэнд явуулсан туршилтаар баталж байжээ.

Энэтхэгчүүд камертай урхи, биеийн дулаан илрүүлэгч дрон, мөр мөшгих арга зэргийг дараалан хэрэглээд хэрвээ бүтэлгүйтвэл үнэртэй усыг ашиглахаар төлөвлөсөн байна.

Өмнө нь Obsession үнэртэй усыг хоёр удаа бар барихад ашиглаж байжээ. 2015 онд хамгийн сүүлд хүн иддэг барыг Тамил Надуд барихад Obsession усыг ашиглаж байсан гэнэ. “Chanel 5” үнэртэй ус мөн үр дүнтэй байдаг ч өндөр үнэтэй тул Obsession-ийг ашиглахаар төлөвлөсөн гэж орон нутгийн байгаль хамгаалагчид ярьжээ.

Гэхдээ хуурамч биш, жинхэнэ Obsession олж авах нь тэдний хувьд бас нэг асуудал болоод байна.

 

Эх сурвалж: The Guardian