Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг хэлээр ойлголцдог болохын тулд Хоёр Солонгос хамтарсан толь бичиг бүтээхээр ажиллаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 70 гаруй жил хуваагдсан нэг үндэстэн бол Солонгосчууд юм. Өнгөрсөн хугацаанд тэдний хэл яриа зарим талаар харилцан ойлгогдохоо больжээ. Тухайлбал 1945 оноос хойш хэлэнд нь нэвтэрсэн шинэ үгсийг өөр өөрөөр нэрлэх болсон байна.

Хойдууд нь солонгос хэлээрээ шинэ зүйлсийг нэрлэдэг бол Өмнөдүүд ихэвчлэн англи хэлээр нь шууд ашиглаж иржээ. Жишээ нь хөлбөмбөгийн тоглолтын үеэр алдаа гаргаснаас торгуулийн цохилт гүйцэтгэхийг Хойд Солонгосчууд “11 метрийн цохилт” гэдэг бол Өмнөд Солонгосчууд “пеналти” гэж нэрлэдэг гэнэ.

Энэ байдлыг арилгахаар Өмнөд Солонгосын талийгаач ерөнхийлөгч Ро Му Хён 2005 онд санаачилга гарган Хойд Солонгосын талтай хамтран 330,000 үгтэй толь бичиг зохиохоор тохиролцож байжээ.

Талууд хамгийн сүүлд 2015 онд уг асуудлаар уулзсан бол 2016 онд харилцаа муудсаны улмаас үйл явц тасалдсан байна. Тэгвэл саяхан Солонгосын цагаан толгой хангүлийг зохиосны 572 жилийн ойн өдөр Өмнөд Солонгосын ерөнхий сайд Ли Нак Ён энэхүү ажлыг үргэлжлүүлэх болсноо мэдэгджээ.

Өмнөд Солонгосчууд хангүл гэдэг бол Хойд Солонгосчууд чосонгүл гэдэг цагаан толгойг 1446 онд Солонгосын хаан Сэжон зохиож байв.

Ерөнхий сайд энэ үеэр “Сэжон хаан хангүл үсгийг зохиох үед бид нэг үндэстэн байсан. Гэвч хүйтэн дайн Солонгосчуудыг хоёр хуваасан юм. 70 жилийн хуваагдал солонгос үгсийн утга, хэрэглээг Өмнөд ба Хойд Солонгост өөр өөр болгосон байна. Хуваагдлын дараа Өмнөд Солонгост олон шинэ үг англи хэлнээс орж ирсэн бол Хойд Солонгост цэвэр солонгос хэлээ хадгалж иржээ” хэмээн ярьжээ.

Өнгөрсөн өвөл болсон Пёнчаны Олимпийн үеэр хоёр Солонгосын нэгдсэн хоккейн багт харилцан ойлголцоход хүндрэл гарч байсан гэдэг. Спортын үг хэллэгийг тэд өөр өөрөөр нэрлэж байсан нь нэг баг болж тэмцээнд оролцоход нь саад болж байв.

Ро Му Хён ерөнхийлөгчийн санаачилсан толь бичгийг “Үндэсний эх хэлний Их толь бичиг” хэмээн нэрийдэж байгаа ажээ.

 

Эх сурвалж: The Guardian