Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Монтенегро улс төрийн дуулал эгшиглэх үед суудлаасаа босоогүй иргэнээ торгодог болно

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Балканы хойгийн бяцхан улс Монтенегро төрийн дууллыг эгшиглэх үед босож, хүндэтгэл үзүүлээгүй хүнийг их хэмжээний мөнгөөр торгодог болох гэж байна.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын засгийн газар Төрийн Билэгдлийн тухай хуулиндаа ийм нэмэлт өөрчлөлт оруулах төслийг дэмжжээ. Эрх баригч хүчин уг өөрчлөлтийг дэмжиж байгаа тул парламентаар эцэслэн батлагдах нь тодорхой болсон байна.

Шинэ хуулийн заалтаар Монтенегро улсын төрийн дууллыг эгшиглэж байх үед босож зогсоогүй иргэн 300-2,000 еврогийн торгууль төлөхөөр болжээ.

Ингэснээр сарын дундаж цалин нь 600 евро болдог энэ улсад ийм шалтгаанаар шийтгүүлэх хүн олдохгүй болж байна.

Асуудлын гол нь тус улсын хүн амын гуравны нэгийг бүрдүүлдэг Серб үндэстнүүдийн зарим хэсэг нь 2004 онд батлагдсан энэхүү төрийн дууллыг хүлээн зөвшөөрдөггүй юм.

Учир нь энэ төрийн дуулал өмнө нь ардын дуу байсан бөгөөд сүүлд Монтенегрогийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Секула Дрлевичийн зассан үгтэй хувилбараар батлагдсаныг Сербүүд эсэргүүцдэг. Энэ хувилбарт нь Серб үндэстнийг дурдалгүй алгассан байдаг гэнэ.

Тус улсын ерөнхийлөгч асан Серби үндэстэн Филип Вуянович энэхүү төрийн дууллыг эгшиглэх үеэр удаан босож, дуусахаас нь өмнө буцаж суудаг байснаараа алдаршжээ.

Тэр нэг удаа төрийн дууллаа сонсоход таагүй сэтгэгдэл төрдгөө ярьж байсан удаатай. Тиймээс хүн амын олонх болсон Монтенегрочууд хуулийн хүчийг ашиглан цөөнх Сербүүдээр төрийн дууллыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ийм арга хэмжээ авчээ.

Зөвхөн Сербүүд биш, зарим Монтенегрочууд шинэ хуулийг хүний эрхэнд халдсан хэмээн шүүмжилж эхэлсэн байна. NATO-гийн шинэхэн гишүүн, Европын Холбоонд элсэхээр бэлдэж байгаа Монтенегро ийнхүү бүс нутгийнхаа орнуудаас анх удаа төрийн билэгдлийг хүндэтгээгүй иргэнээ шийтгэдэг хуультай болох юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty