Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Пёнчаны Өвлийн Олимпийг зохион байгуулагчид $55 саяыг хэмнэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Энэ оны хоёрдугаар сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод Өвлийн Олимпийн наадам зохион байгуулагдсан билээ.

Тус наадмыг зохион байгуулагчид санхүүгийн тайлангаа боловсруулж дуусгаад өчигдөр Аргентинд болж байгаа Олон Улсын Олимпийн Хорооны чуулганд танилцуулжээ.

Хоёрдугаар сарын 9-нөөс 25-ны хооронд болж өнгөрсөн наадмын зардал 61.9 тэрбум воны ($55 сая) хэмнэлттэй гарсныг зохион байгуулах хороог тэргүүлж байсан Ли Хэ Бём мэдээлсэн байна.

“Засгийн газар болон ОУОХ-ны дэмжлэгтэйгээр Пёнчаны Олимпийн санхүүгийн гүйцэтгэл 61.9 тэрбум воны хэмнэлттэй гарч, 300 тэрбумын алдагдалтай гарна гэж төсөөлж байсан анхны таамгийг няцаалаа” гэж тэр мэдэгджээ.

Илүү гарсан мөнгөөр Пёнчаны Олимпийн наадмын амжилтыг сурталчлах сан байгуулах талаар Өмнөд Солонгосын засгийн газартай хэлэлцэж байгааг тэр бас хэлсэн байна.

Наадамд зориулж босгосон 12 стадионыг спортын уралдаан тэмцээнүүдэд үргэлжлүүлэн ашиглах бол бусад байгууламжуудыг өөр зориулалтаар ашиглахаар болжээ.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах олон улсын спортын томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд нь баяр хүргээд үлдэгдэл мөнгөнөөс Олон Улсын Олимпийн Хороонд ноогдох хувийг Солонгосын спортын хөгжилд зориулан хандивлахаар болсныг энэ үеэр зарлажээ.

 

Эх сурвалж: Yonhap News