Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Зэсийн баяжмал тонн тутамдаа 320.9 ам.доллараар нэмэгдсэн нь экспортын үнийн дүн өсөхөд нөлөөлжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2018 оны эхний есөн сард 9.63 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.9 хувиар буюу 1.9 тэрбум ам.доллараар өссөн байна. Ийнхүү кспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 931.7 сая ам.доллараар эерэг гарсныг Гаалийн ерөнхий газрын статистик мэдээлэл харуулж буй юм.

Монгол Улс 2018 оны эхний есөн сард дэлхийн 151 улстай худалдаа хийснээс 71 улсад бараагаа экспортолж, 149 улсаас гарал үүсэлтэй барааг импортолсон байна.

ЭКСПОРТ

Экспорт 5.3 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 699.9 сая ам.доллараар буюу 15.3 хувиар өссөн байна.

Экспортод гарсан өөрчлөлтийг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем(БТКУС)-ийн барааны 21 хэсгээр авч үзвэл 10 хэсгийн барааны үнийн дүн өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт 888.6 сая ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 69.1 сая ам.доллараар тус тус өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.

Экспортолсон чулуун нүүрсний 99.1 хувийг БНХАУ-руу гаргасан

 

Эрдэс бүтээгдэхүүний экспортын заримаас нь дурдъя. 

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 84.6 хувийг эзлэж байна.

2018 оны эхний есөн сард 2.1 тэрбум ам.долларын 27 сая тонн чулуун нүүрс экспортолсны 99.1 хувийг БНХАУ-руу гаргажээ. Ийнхүү өнгөрсөн оны мөн үеэс 1.5 сая тонн нүүр ахиу экспортолсон байна. 2017 оны эхний есөн сард 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 67.5 ам.доллар байсан бол энэ оны мөн үед 78.5 ам.доллар болж, тонн тутамдаа 11 ам.доллараар өсжээ

Зэсийн баяжмалын хувьд экспортолсон хэмжээ өмнөх оныхоос 11.5 мянган тонноор бага байгаа ч хилийн дундаж үнэ 1065.5 ам.доллараас 1386.4 ам.доллар болж, тонн тутамдаа 320.9 ам.доллараар өссөн нь экспортын үнийн дүн нь өсөхөд нөлөөлсөн байна. Энэ оны эхний есөн сард манай улс 1.5 тэрбум ам.долларын зэсийн баяжмал экспортолжээ

Боловсруулаагүй нефтийн экспорт 4.8 сая баррель буюу 316.1 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 824.6 мянган баррелаар бага ба үнийн дүнгээр 43.8 сая ам.доллараар их байна. Нэг баррель нефтийн хилийн дундаж үнэ 48.3 ам.доллар байсан бол тайлант хугацаанд 65.7 ам.доллар болж мөн л өсжээ.

Төмрийн хүдрийн хувьд дундаж үнэ нь буурсан ч 954.5 мянган тонныг ахиу гаргасан нь нийт экспортын хэмжээ өсөхөд голлон нөлөөлсөн эрдсүүдийн жагсаалтад багтсан байна. Энэ оны эхний есөн сард нийт 5.3 сая тонн буюу 240.4 сая ам.долларын төмрийн хүдэр экспортолжээ. 

Энэ оны эхний есөн сард 92.2 мянган тонн цайрын баяжмал экспортолсон бөгөөд тонн тутмын үнэ нь 1,665.1 ам.доллараар экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ нь 192.1 ам.доллараар өсжээ. 

Алтны экспорт буурав

 

Энэ оны эхний есөн сард 3,431.9 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6,452.1 кг-аар бага байна. Алтны экспортын дундаж үнэ 2017 оны мөн үед 40,748.6 ам.доллар байсан бол энэ онд 42,104.9 ам.доллар болж 1,356.3 ам.доллараар өссөн байна. Алтны экспорт үнийн дүнгээр 144.5 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 258.3 сая ам.доллараар буурчээ.

Тайлант хугацаанд 16.7 мянган тонн адууны мах, 815.3 тн малын дайвар бүтээгдэхүүн экспортолсон байна.

Экспортын бүтцийг есдүгээр сарын байдлаар авч үзвэл:

  • нийт экспортын 85.9 хувь эрдэс бүтээгдэхүүнд;
  • 2.7 хувь алтны экспортод 
  • 6.8 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспортод тус тус  ногдож байна.