Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Интерполын ерөнхийлөгч асны эхнэрт Хятадаас дуудлага ирсний дараа Францын цагдаа хамгаалалтад авчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Есдүгээр сарын сүүлээр Хятадад очоод сураггүй болсон Интерполын ерөнхийлөгч Мэн Хонвэйг хээл хахууль авсан хэргээр баривчлан шалгаж байгаагаа Бээжингийн эрх баригчид саяхан зарласан билээ. Дараа нь Мэн Хонвэй албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасныг Интерпол мэдээлсэн юм.

Түүний эхнэр Грэйс Мэн болон хоёр хүүхэд нь Интерполын төв офис байрладаг Францын Лион хотод оршин сууж байгаа юм. Тэр нөхрийгөө сураггүй болсноос хойш анх удаагаа Associated Press агентлагт ярилцлага өгчээ.

Энэ үеэр Грэйс нөхрийг нь хамгийн сүүлд холбоо барьснаас хойш долоо хоногийн дараа шөнө дунд гар утсанд нь дуудлага ирсэн тухай ярьсан байна. Залгасан хүн нь мандарин хэлээр “Юу ч ярилгүй сонс! Манай хоёр хэсэг хүмүүс чам дээр очино” хэмээн ярьж эхэлжээ.

Үүний дараа Францын цагдаа Мэн Хонвэйн гэр бүлийг хамгаалалтад авсан байна. Францын хуулийн байгууллагын нэрээ нууцалсан эх сурвалж Грэйс Мэнийг сүрдүүлсэн хэргийг шалгаж байгааг баталсан байна.

Харин Хятадаас ямар нэг бүлэг хүмүүс Францад ирсэн үгүйг тогтоож чадаагүй байгаа гэнэ.

Өчигдөр AP агентлаг уг асуудлаар Хятадын гадаад хэргийн яамнаас тодруулга хүссэн ч хариу өгөөгүй байна. Энэ оны эхээр Бээжингийн эрх баригчид Үндэсний Хяналтын Зөвлөл хэмээх авлигатай тэмцэх хүчирхэг байгууллага бий болгосон нь засгийн газар, шүүх, прокуророос хамааралгүй, зөвхөн Коммунист Намын удирдлага дор ажилладаг ажээ.

Тус байгууллага ямар ч албан тушаалтныг баривчилж, зургаа хүртэл сар хорих эрх мэдэлтэй юм. Мэн Хонвэй нь хамгийн сүүлд баривчлагдсан өндөр албан тушаалтан болж байна.

 

Эх сурвалж: Associated Press