Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сураггүй болсон сэтгүүлчийн цогцсыг тээвэрлэсэн байж болзошгүй микроавтобусыг Туркийн мөрдөгчид хайж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Истанбул дахь Саудын Арабын консулын газарт очоод сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашоггийн хэргийг шалгаж байгаа Туркийн мөрдөгчид нэгэн баримтыг хэвлэлд ил болгожээ.

Туркийн албаныхан сэтгүүлчийн амийг Саудын Арабаас илгээсэн мэргэжлийн алуурчид хөнөөсөн гэж урьдчилсан байдлаар дүгнээд байгаа бол консулынхан түүнийг байрнаас нь гарч явсан гэж мэдэгдээд байгаа.

Тэгвэл Хашоггиг консулын байранд нэвтэрснээс хоёр цагийн дараа зургаан автомашин бүхий цуваа гарч явсныг камерын бичлэгээр илрүүлжээ.

Тэдний нэг нь болох дипломат дугаартай, цонхондоо бууруулагч хальстай микро автобусанд консулынхан ямар нэг хайрцагтай зүйл ачсан байна. 

Консулын газраас гарсан цувааны машинууд гурав, гурваараа салж явжээ.

Туркийн мөрдөгчид нууцлаг микро автобусыг эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Хашогги сэтгүүлч алга болсноос хойш Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр анх удаа мэдэгдэл хийж, Саудын Арабын талаас баримт шаардсан юм. Тэрээр мөрдлөгийн үр дүн удахгүй бэлэн болно гээд Саудын консулынхныг “түүнийг гарч явсан гэж хэлээд өөрсдийгөө хамгаалж чадахгүй” хэмээн хатуу анхааруулжээ.

Эрдоган Туркийн нутаг дэвсгэрт гадныхан аллага зохион байгуулсан байж болзошгүй энэ хэрэгт биечлэн анхаарал тавьж байгаагаа бас хэлсэн юм.

Аравдугаар сарын 2-нд Жамал Хашогги өмнөх гэр бүлээ салгах асуудлаар консулын газарт очоод гарч ирээгүй ажээ. Түүнтэй гэрлэх гэж байгаа Турк эмэгтэй Хатис Чэнгиз консулын байрны гадна хүлээж байсан гэнэ.

Хашогги нь Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салманы бодлогыг хамгийн ширүүн шүүмжлэгчдийн нэг байсан юм. Тэрээр дарамт шахалтын улмаас өнгөрсөн онд Саудын Арабаас явж, Washington Post сонинд бичсэн өгүүллээ нийтлүүлдэг болжээ.

Саудын Арабын үнэнч холбоотон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр энэ талаар анх удаа ам нээж, “зарим таагүй мэдээлэл гарсанд санаа зовж байгаа”-гаа сэтгүүлчдэд ярьсан байна. Тэр өмнө нь Саудын Арабын дотоод хэрэгт оролцохоос татгалздаг байсан юм.

Их Британи, Франц улсууд мөн хэрэг явдалд санаа зовж байгаагаа дипломат шугамаар илэрхийлжээ.

 

Эх сурвалж: The Guardian