Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Бид өнөөдөр ч өрийн дөнгөнөөс өндийгөөгүй

Д.Мягмардорж
2018 оны 10 сарын 9
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АН-ын үйлдвэржилт, бүтээн байгуулалтын лоозонгоор эхэлсэн Монгол Улсын өрийн түүх МАН-ын үед амь тариагаар үргэлжилж байна. Монгол Улсын Засгийн газрын ер өнгөрсөн жилийн эцэст 22.7 их наяд төгрөгт хүрээд байсан бол энэ оны II улирлын байдлаар 21.1 их наяд төгрөг болж эрс буурлаа гэдгийг Сангийн яамнаас удаа дараа мэдээлсэн. Үүнд, “Чингис” бондын үлдэгдэл 127.2 сая ам.доллар, “Дим сам” бондын үлдэгдэл 145.9 сая ам.доллар тэргүүтэй 2.9 их наяд төгрөгийг төлбөрийг барагдуулсан нь нөлөөлсөн гэнэ.

Тэгвэл Засгийн газрын өр 2015-2018 онд тасралтгүй өсжээ. Засгийн газар 2015 онд 14.4 их наяд төгрөгийн өртэй байсан бол 2017 онд 22.7 их наядад хүрсэн. Ийн өсөхөд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын донор байгууллагууд болон түнш улс орнуудаас авч буй зээл, өмнө нь олон улсын зах зээл дээр гаргасан хуучин бондуудаа шинээр сэлгэн эдийн засагтаа амь тариа хийсэн нь нөлөөлөв.

Монгол Улс “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр’’-т 2017 онд орсон бөгөөд энэ хүрээнд гадаад зээлдэгчдээс гурван жилийн хугацаанд 5.5 тэрбум ам.долларын зээлийг үе шаттайгаар авч эхэлсэн юм. Мөн өнгөрсөн оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 5.75 хувийн хүүтэй 580 сая ам.долларын бондыг 8.75 хувийн хүүтэй “Хуралдай” бондоор орлуулах замаар хугацаатай нь уралдан төлж дуусгасан.

Үүнээс хэдхэн сарын дараа 5.625 хувийн хүүтэй 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондоор 500 сая ам.долларын “Чингис” бондын 74.5 хувь буюу 372.8 сая ам.доллар, нэг тэрбум юанийн “Дим сам" бондын 9.5 хувийг буцаан худалдаж авсан юм. Өөрөөр хэлбэл, өмнөхөөсөө өндөр өртөг төлж өрөө барагдуулсан.

ЗАСГИЙН ГАЗАР КОНЦЕСС, БОНД, БАТАЛГААНААС ТАТГАЛЗАНА

Засгийн газрын гадаад ер болон ДНБ-ий харьцаа 2017 онд 74.4 хувьд хүрч түүхэнд тэмдэглэгдэх төвшинд хүрсэн. Энэ харьцаа өнгөрсөн оноос буурч 61.5 болсон талаар Сангийн яамнаас мэдээлсэн. Улмаар ирэх онд 55.3 хувь,

2020 онд 47.8 хувь, 2021 онд 41 хувь болж буурах төсөөлөл гарсан байна. Засгийн газрын гадаад өр, ДНБ-ий харьцаа 2009 оны хямралын үеэр 35 хувь болж өссөн бөгөөд 2010-2012 оны дундаж нь 24, 2013-2015 оны дундаж үзүүлэлт 30 хувь байжээ. 2005-2015 онд энэ үзүүлэлт хамгийн багадаа 19, ихдээ 2006 онд 36 хувь байсан аж. Тэгвэл Засгийн газар өрийн түүхээ өөрчлөхийн тулд өндөр хүүтэй дотоод бонд гаргахыг хязгаарлаж, концесс хэрэгжүүлэхгүй байх бодлогыг ирэх хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх бололтой.

Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаанд банкууд хүүгээр өрсөлдөн оролцдог бөгөөд 2014-2017 онд 16-18 хувьтай хүү төлж байсан. Эргэн төлөлт нь төсөв болон төрийн сангийн мөнгөн хөрөнгөд дарамт үүсгэж байсан тул өндөр хүүтэй, богино хугацаатай дотоод үнэт цаас арилжаалахыг зогсоож, 370.5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг хугацаанаас өмнө буцаан худалдан авсан юм. Засгийн газар 2017 оноос хойш дотоод бонд гаргаагүй. Зөвхөн энэ онд гэхэд 1.7 их наядын үндсэн төлбөр болон

435.5 тэрбум төгрөгийн хүү төлжээ. Түүнчлэн Засгийн газраас “барих-шилжүүлэх” нөхцөлтэй концессын гэрээ байгуулж улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх өр шинээр үүсгэхийг хориглоод байгаа. Төсвөөс эргэн төлөгдөх “барих-шилжүүлэх” концессын гэрээний гүйцэтгэлд тулгуурлан энэ оны хагас жилийн байдлаар 600 тэрбум төгрөгийг Засгийн газрын өрд бүртгэсэн байна.

Үүнээс гадна, ирэх онуудад Засгийн газар шинээр зээлийн баталгаа гаргахгүй байх бодлого баримталж байгаа. Засгийн газраас баталгаа гаргуулагч өр төлбөрөө барагдуулж чадахгүй тохиолдол гэрээний дагуу Засгийн газар үүрэг хүлээнэ. Зөвхөн 2013-2016 онд гаргасан өрийн баталгааны үлдэгдэл 2018 оны эхний хагас жилийн байдлаар 1.1 тэрбум ам.доллар байгаа аж.

Тиймээс ирэх онд Засгийн газрын учирч болзошгүй өр төлбөрөөр доорх зургаан баталгааг нэрлэсэн байна.

  1. 3асгийн газраас 2013 онд баталгаа гаргаж, Хөгжлийн банк 10 жилийн хугацаатай, жилийн 1.52 хувийн хүүтэй, 30.0 тэрбум иенийн “Самурай” бондыг арилжаалсан. Гэрээний дагуу эргэн төлөгдөх хугацаа 2023 он бөгөөд 2019 онд 456.0 сая иенийн хүүгийн төлбөр төлөгдөнө.
  2. БНХАУ-ЫН Хөгжлийн банк, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд байгуулсан 162 сая ам.долларын зээлийн гэрээнд Засгийн газар 2014 онд баталгаа гаргасан. Зээлийн хугацаа найман жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил, 2017-2022 онд төлөх хуваарьтай. 2019 онд 27 сая ам.долларын үндсэн төлбөр, 6.2 сая ам.долларын хүү төлнө.
  3. Мөн Хөгжлийн банк 2014 онд “Кредит свисс” банкнаас таван жилийн хугацаатай, 300 сая ам.долларын зээл авахад Засгийн газрын баталгаа гаргасан. Гэрээний дагуу 2019 онд 129.6 сая ам.долларын үндсэн төлбөр, зургаан сая ам.долларын хүү төлнө.
  4. Засгийн газар 2013 онд МИАТ компани “Боинг 767-300ER” агаарын хөлгийг худалдаж авахад зориулан 121.4 сая ам.долларын баталлаа гаргасан. Тухайлбал, АНУ-ын “Экспорт-Импорт” банкнаас 77.4 сая ам.долларын 10 жилийн хугацаатай зээл, “ING CAPITAL LLC” банкнаас 5-7 жилийн хугацаатай 43.9 сая ам.долларын зээл авсан. Гэрээнд заасан хуваарийн дагуу 2019 онд 11.6 сая ам.долларын үндсэн төлбөр, 1.1 сая ам.долларын хүү төлнө.
  5. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны эрсдэлийн болон санхүүгийн нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 42 сая ам.долларын санхүүжилттэй төслийн зээлийн 85 хувьд буюу АХБ-ны 15 жилийн хугацаатай 35 сая ам.долларын хөнгөлөлттэй, техник туслалцааны зээлд Засгийн газрын баталгаа гаргасан. Эргэн төлөлт 2019-2031 оны хооронд төлөгдөх хуваарьтай бөгөөд 2019 онд 0.04 сая ам.долларын үндсэн төлбөр, 0.2 сая ам.долларын хүү төлнө.
  6. “Худалдаа хөгжлийн банк”-ны олон улсын зах зээлд арилжаалсан 9.375 хувийн хүүтэйгээр таван жилийн хугацаатай гаргасан 500 сая ам.долларын бондод Засгийн газар 2015 онд баталгаа гаргасан. Хуваарийн дагуу 2019 онд 23.4 сая ам.долларын хүү төлнө.

Монгол Улсын Засгийн газрын өр төлбөр зөвхөн ирэх оноор дуусахгүй. Хуваарийн дагуу 2021 онд 10.875 хувийн хүүтэй 500 сая ам.долларын “Мазаалай" бонд, 2022 онд 4.125 хувийн хүүтэй нэг тэрбум ам.долларын “Чингис” бонд, 2023 онд 600 сая ам.долларын 8.75 хувийн хүүтэй “Хуралдай" бонд, 2024 онд 5.625 хувийн хүүтэй 800 сая ам.долларын "Гэрэгэ" бондын төлбөр төлөгдөхөөр байгаа нь төсөв болон гадаад валютын нөөцөд томоохон дарамтыг үүсгэх магадлалтай.

Зураг