Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын засгийн газрыг бүхэлд нь булшилсан газрыг Москва орчимд хайж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Сталины үед буудуулсан олон мянган хүний шарилыг бөөнд нь булшилсан газрыг Нацист Германы бөмбөгдөгч онгоцноос авсан гэрэл зургийг ашиглан хайх ажлыг Оросын хэсэг түүхчид, археологичид эхлүүлжээ.

Москвагийн баруун өмнөд хэсгийн Коммунарка дүүргийн энэхүү газрыг анх ЗХУ-ын үед КГБ-ын нууц архивыг нээлттэй болгоход мэддэг болсон байна.

1930-аад оны үед Сталины НКВД нууц цагдаагийн алба гурван хэсэг газарт хэлмэгдэгсдийг буудан хороодог байсны нэг нь энэ газар юм.

1937-1941 оны хооронд Коммунаркад нийтдээ 6,609 хүнийг буудсан гэж судлаачид үзэж байна. Энэ газарт өмнө нь НКВД-ийн дарга Генрих Ягодагийн зуслан байсан гэдэг.

Гэвч 1936 онд албан тушаалаасаа зайлуулагдсан тэрээр 1938 онд энд буудуулж, булагдсан гэдэг мэдээлэл бий. Коммунаркад өнөөг хүртэл гүнзгий судалгаа хийж байгаагүй, иргэдийн мөөг түүдэг ой төдий байсаар иржээ.

Одоо судлаачид 1942 онд Москвагийн дээгүүр нисэхдээ Нацист Германы нисгэгчийн буулгасан гэрэл зурагнаас байрлалыг тодруулж, радарын самналт хийхээр төлөвлөжээ. Тухайн үед булш нь шинээрээ байсан тул гэрэл зурагт илүү тод харагдаж байгаа гэнэ.

Аллагын дараа тухайн газрыг нуухын тулд дээр нь мод тарьж суулгасан гэж судлаачид үзэж байна. Сталины гэмт хэргийг баримтжуулах зорилготой хүний эрхийн “Мемориал” байгууллагын тэргүүлэгч гишүүн Ян Рачинский энэ газарт “Монголын засгийн газар бараг бүхлээрээ байгаа” гэж ярьсан байна. Тухайн үед Монголын удирдагчдыг Коммунаркад цаазалдаг байсныг тэр ингэж хэлжээ.

Мөн ЗХУ-д эзлэгдсэний дараа Балти хавийн Эстони, Латви, Литва улсуудын олон тооны төрийн албан хаагчид энд буудуулсан гэж үзэж байна.

Судлаачид энд буудуулсан хүмүүсийн нэр усыг тодорхой болгохоор эрэл хайгуултай зэрэг ажиллаж байгаа гэнэ. Гэвч өнөөдрийн Оросын эрх баригчид Сталины үеийн нууц бичиг баримтуудыг бүхэлд нь ил болгох сонирхолгүй байгаа нь тэдний ажилд саад болж байгаа ажээ.

 

Эх сурвалж: AFP