Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Англи хэл дээрх илтгэлийн тэмцээний үндэсний аварга тодорлоо

ikon.mn
2018 оны 10 сарын 8
iKon.MN

“Тоастмастерс Монгол” байгууллагын Илтгэлийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнд “Тоастмастерс Монгол” клубын гишүүн Г.Цэнд-Аюуш тэргүүллээ.

“Тоастмастерс” олон улсын боловсролын байгууллагын Дэлхийн аварга шалгаруулах илтгэлийн тэмцээний нэгэн адил шалгуур үзүүлэлтээр дүгнэгддэг тус тэмцээнд “Тоастмастерс Интернэшнл” Олон Улсын байгууллагын 2015-2016 оны Дэлхийн Ерөнхийлөгч ноён Жим Кокочи (Jim Kokocki) уригдан ирж ерөнхий шүүгчээр ажилласнаараа онцлогтой болсон байна.

 

Англи хэл дээр чөлөөт сэдвээр 5-7 минутын илтгэл тавьдаг энэхүү тэмцээний Хагас шигшээ-д “Тоасмастерс Монгол” үндэсний байгууллагын салбар клубуудээс 30 гаруй илтгэгч шалгаран оролцсон. Үндэсний аваргын цомын төлөө шалгарсан шилдэг 9 илтгэгч өрсөлдсөнөөс дэд байрыг “Great Mongols” клубын гишүүн Ц.Гандолгор, гуравдугаар байрыг “Тоастмастерс Монгол” клубын гишүүн Э.Оюун-Эрдэнэ эзэлжээ.

 Гишүүдийнхээ харилцааны болон манлайллын чадварыг хөгжүүлэх үндсэн зорилготой, 94 жилийн түүхтэй “Тоасмастерс Интернэшнл” нь 143 улсад 16.600 клуб, 357.000 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм. Дэлхийд алдартай AT&T, Bank of America, Chevron, eBay, Google, Microsoft зэрэг компаниуд “Тоастмастерс”-ийн клубыг дэргэдээ байгуулж, ажилтнуудаа манлайллын болон харилцааны чадварт сурган ажлын байран дахь бүтээмжийг эрс сайжруулдаг байна.

“Тоастмастерс Монгол” Үндэсний байгууллагын хувьд 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө Эрдэнэт УБҮ, MBC Tiger, Англи хэлний академи, “Вагнер Ази” ХХК, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Худалдаа Хөгжлийн банк, Хаан банк зэрэг байгууллагуудын дэргэд нийт 10 клуб үйл ажиллагаагаа явуулдаг.

Тус байгууллага “WHERE LEADERS ARE MADE” уриан дор өнөөдөр Үндэсний Хоёрдугаар чуулганаа Илтгэлийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнтэй хамтатган зохион байгуулж байна.