Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын эрх баригчид Интерполын ерөнхийлөгчийг хээл хахууль авсанд буруутгажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Интерполын ерөнхийлөгч Мэн Хонвэйг бусдаас хээл хахууль авсанд сэжиглэн баривчилснаа Хятадын дотоод хэргийн яам өнөөдөр мэдээлжээ. Мөн түүнтэй холбоотой хүмүүсийг илрүүлж, шалгах зорилготой ажлын хэсэг байгуулагдсаныг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Дотоод хэргийн сайд Жао Кэжи өнгөрсөн шөнө Коммунист Намын хорооны хурлыг яаман дээрээ зохион байгуулж, Мэн Хонвэйн хэргийг илрүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллахаа, ерөнхийлөгч Ши Жиньпин болон намын дээд удирдлагуудад үнэнч байгаагаа батлан илэрхийлсэн тухай тус яамны вэбсайтад мэдээлжээ.

Есдүгээр сарын сүүлээр эх орондоо очоод сураггүй болсон Интерполын ерөнхийлөгчийг баривчилсан тухайгаа Хятадын Коммунист Намын сахилгын хороо дөнгөж Ням гарагийн орой мэдээлсэн юм. Ингэхдээ ямар шалтгаанаар баривчилснаа дурдаагүй байв.

Үүний дараа Интерпол ерөнхийлөгчийнхөө огцрох хүсэлтийг хүлээж авснаа мөн мэдээлсэн байна.

2016 оны сүүлээр Интерполын ерөнхийлөгчөөр сонгогдсон Мэн Хонвэйгийн бүрэн эрхийн хугацаа 2020 онд дуусахаар байв. Түүнийг баривчилснаар олон улсын томоохон байгууллагуудын засаглалд тэргүүлэх үүрэгтэй оролцох Хятадын эрх баригчдын хичээл зүтгэлд ухралт болж байна.

Интерполын ерөнхийлөгчийг баривчлахаасаа өмнө уг эрсдлийг тооцсон нь тодорхой тул Мэн Хонвэйн хэргийн цаана томоохон асуудал нуугдаж байна гэж шинжээчид дүгнэжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post