Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Нурмагомедовын эрхийг удаан хугацаагаар хасвал аварга цолоо хураалгаж болзошгүй

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Оросын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов UFC холбооны хөнгөн жингийн дэлхийн аваргын цолоо алдах нөхцөл байдалд хүрээд байгааг тус холбооны тэргүүн Дана Уайт сэтгүүлчдэд мэдэгджээ.

Бямба гарагийн орой Нурмагомедов Лас Вегаст болсон UFC 229 тэмцээнд Ирландын тамирчин Конор Макгрегортой тулалдаж ялснаар аварга цолоо хамгаалж чадсан юм.

Гэвч тэмцээний дараа түүний үүсгэсэн эмх замбараагүй байдал аварга цолоо алдахад хүргэж болзошгүй гэнэ. Нурмагомедов тэмцээнд ялсныхаа дараа дэвжээнээс бууж, өөрийг нь хэл амаар доромжилж байсан Макгрегорын багийн гишүүн рүү довтолсон. Дараа нь Нурмагомедовын багийн гурван гишүүн дэвжээнд гарч Макгрегорын биед халдсан билээ.

Тэдний нэг нь Нурмагомедовын менежэр Ризван Магомедов байжээ.

“Энэ явдлын хор нөлөө маш их. Дэвжээнд нэвтэрсэн залуус дахин тэмцээнд оролцох эрхгүй болно. Хабиб торгуулах, эсвэл тэмцээнд орох эрхээ хэсэг хугацаанд хасуулах байх. Хэрвээ эрх нь урт хугацаанд хасагдвал тэр аварга цолоо хураалгана” гэж Дана Уайт мэдээлсэн байна.

Саяны тулаанаас Нурмагомедовын шагнал болгож авсан $2 саяыг мөрдөн шалгах ажлыг дуустал түр барьцаанд үлдээхээр болжээ. Мөн тулааны шууд дамжуулалтаас ноогдох орлогыг нь өгөлгүй шийтгэж магадгүй болсон байна.

 

Эх сурвалж: ТАСС