Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Хүүхэд хамгааллын чиглэлээр хийж байгаа ажлуудаа түр зуурын биш байнгын болго

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүүхэд хамгааллын асуудлаар Төрийн байгууллагын удирдлагуудад өгсөн үүрэг, даалгаврын биелэлттэй танилцаж байна.

Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимаас ШУУД ДАМЖУУЛАН хүргэж байгааг хүлээн авна уу.

https://www.facebook.com/iKonNews/videos/969167713292809/


Өмнө нь буюу наймдугаар сарын 30-нд төрийн тэргүүн хүүхэд хамгааллын асуудлаар холбогдох байгууллагуулын төлөөлөлттэй уулзаж, санал солилцсон билээ. Холбогдох байгууллагууд өмнөх уулзалтаас хойш ямар ажил хийж, хэр үр дүнд хүрснийг төрийн тэргүүн нэр цохон асуусан юм. 

Ингээд байгууллага тус бүр хүүхэд хамгааллын чиглэлээр ямар ажил хийснийг товчлон хүргэж байна. 

"Нийт сургуулийн 11 хувь нь их эрсдэлтэй гэсэн үнэлгээтэй байна" 

Ерөнхийлөгч Х.Баттулга: Бид наймдугаар сарын 30-ны өдөр хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлаар төрийн байгууллагуудтай уулзалт хийсэн. Нэлээн хэдэн үүрэг даалгавар өгсөн байгаа. Та бүхний тайлангуудтай танилцсан. Гол зорилго маань маш олон иргэдээс өргөдөл гомдол миний нэр дээр ирдэг. Тиймээс үүнийг хамтарч шийдэх ямар ямар гарц байна гэдгийг олохын тулд энэ уузалтын хийнэ. 

Боловсролын яамнаас хүүхэд хамгааллын орчны стандартыг боловсруулж, аюулгүй ажиллагааны хяналт шалгалтыг зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн. Энэ ажлын үр дүнгийн талаар мэдээлэл хэрэгтэй байна. 

БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан: Манай яамнаас хүүхэд хамгааллын чиглэлээр нэлээд эрчимтэй ажлууд хийгдэж хэрэгжилт нь 50-100 хувьтай явж байна. НҮБ-ын хүүхдийн сантай хамраад сургуулийн өмнөх боловсолын байгууллагын сургалтын орчны стандартын батлаад, хэрэгжүүлэх зөвлөмжийн хамт улсын хэмжээнд бүх цэцэрлэгийн эрхлэгч, боловсролын газруудад хүргүүлсэн.

Энэ ажлын хүрээнд яг өөрсдийнхөө орчинд үнэлгээ хийгээд бидэнд ирүүлсний үндсэн дээр тухайн цэцэрлэгүүд өөрсдийн боломж бололцоогоор ямар ажил хийж чадах уу, улсын төсөвт хэдэн төгрөг шийдэх үү гэдгээ харна. Өөрсдийн ажиллаж буй орчинд үнэлгээ хийж яам руу илүүлэх ажил 70 хувьтхай байна . Энэ ажил арваннэгдүгээр сард дуусна.  

Ерөнхийлөгч Х.Баттулга: Нийт сургуулийн 11 хувь их, 31 нь дунд, 57 хувь нь бага эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарсан байна. Эрсдэлгүй сургууль гэж алга. Үүнийг багасгах арга байна уу.  

Б.Баярсайхан: Улсын хэмжээнд 571 сургууль эрсдлийн үнэлгээгээ хийгээд явуулсан байгаа. Эрсдлийн үнэлгээ хийсний үр дүнд их эрсдэлтэй үнэлэгдсэн 65 сургууль байна. Үүнээс нийслэлд 15 нь, 50 нь орон нутагт байна. 

Эрсдэлийн үнэлгээнд сургуулийн гадна, дотор орчин, биеийн тамирын талбар, дээвэр, цахилгаан, сантехник, гэрэлтүүлэг, ариун цэврийн байгууламж зэрэг үзүүлэлтүүдийг оруулж хийсэн.  

Манай улсын сургуулийн барилгууд олон жилийн насжилттай. Дээд тал нь 50 жил болж байна. Өмнө нь зөвхөн цонхноо засах, анги танхим будах төдийгөөр засвар хийдэг байсан. Эрсдлийн үнэлгээ хийлгэснээр цахилгаан, сантехник, дээврийг засах дээр хөрөнгө тавьж ажиллаж байна. 

 1,335 зургаан настан сургуульд орохоо нэг жилээр хойшлуулжээ  

Ерөнхийлөгч Х.Баттулга :Маш их гомдол гарч байгаа нэг асуудал байна. Хөдөө орон нутгийг зургаан настай хүүхдүүдийн асуудал. Хөдөөний малчид сумын төвдөө зургаан настай хүүхдээ сургуульд суулгахад үүсдэг асуудлуудлыг яаж шийдэх вэ. 

БСШУСЯ-ны ЕБ-ын бодлогын газрын ахлах мэргэжилтэн н.Мягмар: Боловсролын тухай хуульд зайлшгүй нөхцөл байдлын улмаас сургуульд элсэх боломжгүй малчдын хүүхдийг эцэг эхийн гаргасан хүсэлтийг үндэслэж шийдвэрлэнэ гэсэн заалт байдаг. Малчин эцэг эх зургаан настай хүүхдээ энэ жил сургуульд оруулах боломжгүй байна гэвэл саналыг нь хүлээж аваад нэг жилээр хойшлуулж байгаа. Өнгөрсөн жил 1,335 хүүхэд элсэлтээ хойшлуулсан. 

Ерөнхийлөгч Х.Баттулга  Өдөр өнжүүлэх төвийн стандарт шаардлага гэж байдаг уу. Үүнд хэн хяналт тавьдаг вэ. Стандарт нь одоо хүртэл байдаггүй юм байна. 

ЕБ-ын бодлогын газрын ахлах мэргэжилтэн н.Мягмар: Одоогийн нэг шийдэл бол сургуулийн дотоод орчинд өдөр өнжүүлэх ажиллуулах асуудал юм.  Сургуулиас гадуурх орчинд яам хяналт тавьж чаддаггүй. Тиймээс үүнд хэн хяналт тавих вэ гэдэг дээр Хүүхдийн төлөө газар, Засгийн газар руур хамтарсан санал оруулах гэж байгаа. Энэ саналд сургуулийн орчинд өдөр өнжүүлэх бол яам хяналт тавиад явья, сургуулийн гадуур бол Хүүхдийн төлөө газар хяналт тавья гэсэн асуудал тусгагдсан.  

Хүүхдийн цэцэрлэг тарах цаг эцэг, эхийн ажил тарах цагтай давхцаж байгааг хэрхэн зохицуулах вэ

Энэ асуудалд Нийслэлийн боловсролын газраас "Ийм асуудалтай байгаа цөөхөн цэцэрлэгт уртасгасан цагийн анги гаргаж шийдсэн. Энэ чиглэлд Боловсролын тухай хуульд оруулахаар ажиллаж байна. Одоо бол уртасгасан цагийн анги эцэг эхчүүдтэй тохиролцоод явж байгаа. Бид саналаа яаманд хүргүүлсэн. Тодорхой алхам хийгдэх байх" гэсэн хариулт өгөв.  

Үдийн цайг чанаржуулах талаар 

Ерөнхийлөгч Х.Баттулга: Одоо үдийн цай 600 төгрөг байгаа. Энэ оны төсөвт үдийн цайг үдийн хоол болгоод мөнгийг нь 1,200 болгосон байгаа. Зарим сургууль нэг хүүхдэд ногдох 600 төгрөгөөнөөс 400-г нь хоолны газрын түрээсэнд өгөөд байна. Үлдсэж байгаа мөнгөөр нь хийсэн хоолны илчлэг, стандартын асуудал яригдана. Хүүхдийн үдийн хоол, цайны стандарт тогтоогдоогүй байна. Хүүхдийн үдийн хоолны өртөг 1,200 болж байгаа бол чанар илчлэгийг стандарттай болгомоор байна. 

“Мэргэжлийн хяналтын байцаагчид газар дээр нь арга хэмжээ авдаг болмоор байна” 

Өмнөх уулзалт буюу наймдугаар сарын 30-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд МХЕГ-аас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулав. 

Ерөнхийлөгч Х.Баттулга: Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүний асуудалд анхаармаар байна. Мэргэжлийн хяналтынханд торгодог, устгадаг эрхийг нь өгөхгүй бол мэргэжлийн хяналт биш болчихоод байна. Мэргэжлийн хяналтынхныг газар дээр нь шалгалт хийдэг болгомоор байна.

МХЕГ-ын төлөөлөл “Манайх гэнэтийн шалгалт хийдэггүй. Төрийн хяналт, шалгалтын тухай хуулиар төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн хэлбэрээр шалгалт явуулдаг. Төлөвлөгөөт шалгалтыг жилийн эхэнд олон нийтэд зарладаг. Харин төлөвлөгөөт бус шалгалт хийхдээ тухайн газарт тав хоногийн өмнө урьдчилж мэдэгддэг. Урьдчилаад мэдэгдчихээд зөрчил арилах ямар ч боломжгүй болдог” гэлээ. 

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх 18 хүнтэй хэлтэстэй болжээ 

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал “Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2 тасаг, 18 хүнтэй хэлтэстэй болсон. Бид урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй явуулж байгаа. 

Цахим гэмт хэрэгтэй олон улс яаж тэмцэж байна вэ гэдэг дээр туршлага судалж байгаа. Тухайлбал, өөрийн эрх бүхий албан тушаалтныг Фэйсбүүк групын аюулгүй байдлын албан тушаалтнуудтай шууд харилцах эрх зүйн орчныг бий болгох тал дээр тодорхой яриа хэлэлцээрт хүрсэн” гэв. 

Түүнчлэнэ авто машины осол их гардаг хар цэгүүд дээрх хяналт тавьж осол гарах тоог бууруулахаар ажиллаж байгаа аж. Энэ талаар Тээврийн цагдаагийн газрын төлөөлөл “Улаанбаатар хотод манайх 572 алба хаагчтай. Яг зам дээр 300 цагдаа ажиллаж байгаа. Өдөр тутам хот хөдөөгийн нийлээд 600 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. 

Нэг цагдаад 150-200 тээврийн хэрэгсэл ногдох ёстой байдаг ч бодит байдал дээр 3.000 тээврийн хэрэгсэл ногдож байна

Осол их гардаг хар цэгүүд дээр тэмдэг, тэмдэглэгээ тавихаас илүүтэй үүнийг арилгая гэдэг зорилт тавиад ажиллаж байгаа. 

О.Алтансүх: Тавилга авахад 192.5 сая төгрөг зарцуулсан

Ерөнхийлөгч Х.Баттулга: Өнгөрсөн жил эмэгтэй гишүүд хөөцөлдөж байж хүүхэд хамгааллын чиглэлээр таван тэрбум төгрөг нэмж нийтдээ 6.4 тэрбум төгрөг тусгуулсан. Үүний 3.7 тэрбумаар нь тавилга, эд хогшил авсан гэсэн мэдээлэл яваад байна. Мөнгө суулгангуут конторлоод, контороос ажил хийх гээд байх юм” гэсэн асуултыг ХНХЯ-ныханд тавив. 

Ерөнхийлөгчийн асуултын хариуд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын гарга О.Алтансүх “Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт 2.4 тэрбумыг, ХНХЯ-нд 700 сая төгрөг, ГБХЗХГ-т 667 сая төгрөг, харьяа байгууллага болох Найрамдал, Өнөр бүл, хараа хяналтгүй хүүхдийн Нарт хангай төв, 108 хүүхдийн тусламжийн төв, Хамгаалах байрны ажилд нийтдээ 789 сая төгрөгийг зарцуулсан байна. Хамгийн гол нь дээрх таван салбарт 1.4 тэрбум төгрөг зарцуулсан. 

Сошиалаар 3.7 тэрбум төгрөгийг эд хогшил тоног, үйл ажиллагаанд зарцуулсан гэж шүүмжлээд байна.  Гэтэл үйл ажиллагаа гэдгийг нь орхиод 3.7 тэрбумыг тавилгад зарцуулсан гэх мэтээр ойлгогдуулахаар тараагаад байна. Тавилга авахад 192.5 сая төгрөг зарцуулсан. Гэхдээ энэ нь хамгаалах байрны ор дэр, хөнжил, хогшлууд байгаа. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: 6.4 тэрбум гэдэг бол зөвхөн хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хийж хэрэгжүүлэх чиглэлээр зарцуулах ёстой мөнгө шүү дээ. Яг энэ мөнгөний зарцуулалтаар Ерөнхий сайдад асуулга тавьсан ч харамсалтай нь тодорхой бус хариу ирсэн. Тиймээс Төсвийн зарлагын дэд хороогоор дамжуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулна гэдэг байдлаар Нийтийн сонсгол хийх хүсэлтийг УИХ-ын даргад өгнө.  

Дараагийн уулзалт хүртэл өгсөн даалгаврууд 

Ийнхүү уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч доорх чиглэлээр үүрэг даалгавар өгөв. 

Үүнд: 

  • Сургууль, цэцэрлэгийн төсөв байгаа. Үүнийг төр хувийн хэвшлийг дэмжих замаар заавал төсөвт суулгахгүйгээр бариулаад байж болдоггүй юм бэ. 
  • Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн баримтаар хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийн тоо буурахгүй байна. Бага насны хүүхэд хүчирхийлж байгаа хэрэг дээр цаазын ялыг сэргээе гэсэн санал гаргасан ч Засгийн газраас одоо болтол хариу алга. 
  • Цэцэрлэгийн тарах цагийн асуудал, багш нарын илүү цагийн хөлсийг төсөвт суулгаж зохицуулья.  
  • Хүүхдийн байцаагчийн орон тоог ярьлаа. Сангийн яам үүн дээр дэм болохгүй байх . Үүний оронд ахмад ажилтнуудыг нэгтгээд бодитойгоор явах байх. 
  • Зөрчлийн хуулинд байгаа согтуугаар жолоо барьсан хүмүүсийг торгоод явуулчихдаг. Үүнийг хуучнаар нь хорих, эрхийг нь удаан хугацаагаар хасдаг болгохгүй бол согтуугаар жолоо барих хэрэг буурахгүй байна. 
  • Хэвлэл мэдээллийнхэн маань мөнгө нэхэхгүйгээр хүүхэд хамгаалалтай холбоотой төрийн байгууллагуудын мэдээллийг гаргадаг болмоор байна. 
  • Хүүхэд хамгааллын чиглэлээр хийж байгаа ажлуудаа түр зуурын биш байнгын болго. 
  • Малчин өрхийн зургаан настай  хүүхдүүдийг сургуульд оруулахдаа сонголт гэдэг юмаар бие биенээ хуураад явах юм. Үүнийг хуульчилмаар байна. 
  • Гарсан үр дүнгээ байнга ирүүлж баймаар байна. Тайлантай би өөрийн биеэр танилцаж байгаа. 
     

 

Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn