Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

20,000 хүн Шотландын тусгаар тогтнолын төлөө жагслаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гарагт 20,000 орчим хүн оролцсон жагсаал Эдинбург хотод зохион байгуулагдсан нь Шотландын тусгаар тогтнолын төлөө байлаа.

Их Британи улс зургаан сар орчмын дараа Европын Холбооноос албан ёсоор гарах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгвэл Шотландын Үндэсний Намын тэргүүн Никола Старжен Британи улс Европын Холбооноос гарах хугацаа тодорхой болсны дараа тусгаар тогтнолын хоёр дахь санал асуулга зохион байгуулна гэж амлаж байжээ.

Тэрээр ирэх долоо хоногт болох намынхаа хурал дээр бүх нийтийн санал асуулгын товыг зарлаж магадгүй байна. Гэхдээ Лондон, Брюсселийн хооронд явагдаж байгаа Brexit-ийн хэлэлцээр сунжирвал тов зарлахыг хойшлуулж магадгүй юм.

2016 онд болсон бүх нийтийн санал асуулгаар Шотландчуудын дийлэнх нь Европын Холбоонд үлдэхийн төлөө санал өгсөн. Энэ нь хэрвээ Британи Европын Холбооноос гарвал Шотландчууд тусгаар тогтнож, Европын Холбоонд үлдэх эрмэлзлэлтэй байгааг харуулжээ.

Гэхдээ Британий ерөнхий сайд Тереза Мэй хоёр дахь санал асуулга зохион байгуулахыг эсэргүүцэж, ингэхийн тулд Лондон дахь парламентаас зөвшөөрөл авах ёстойг сануулсаар байгаа юм.

Тиймээс Brexit-ээс өмнө хоёр дахь санал асуулга зохион байгуулах Никола Старжены төлөвлөгөө биелэхэд нэлээд саад бэрхшээл тохиолдох төлөвтэй байна.

 

Эх сурвалж: AFP