Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын эрх баригчид Туркийн нутаг дээр өөрийн сэтгүүлчийн амийг хороосон тухай мэдээлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын нэртэй сэтгүүлч Жамал Хашогги Истанбул хот дахь өөрийн улсын консулын газарт очоод алагдсан тухай Туркийн нэрээ нууцалсан албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Туркийн мөрдөгчдийн олж тогтоосноор Саудын Арабаас илгээсэн 15 хүнтэй баг уг аллагыг зохион байгуулж гүйцэтгэсэн байна. Хашогги сэтгүүлч энэ долоо хоногийн Мягмар гарагт бичиг баримт хөөцөлдөхөөр консулын газарт ирээд буцаж гараагүй гэнэ.

Харин Саудын тал түүнийг тэр өдрөө консулын газраас явсан гэж байгаа ч үүнийг нь батлах баримт олдоогүй байна.

Истанбул дахь Саудын консул Хашогги өөрийнх нь байранд байхгүйг нотлохын тулд Баасан гарагт Ройтерс агентлагийн сэтгүүлчдийг нэвтрүүлж, бүх өрөө тасалгаагаа үзүүлжээ.

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Салманы өөрийгөө шүүмжлэгчдийн эсрэг өргөн хүрээнд баривчилгаа явуулж байгаа. Жамал Хашогги нь “The Washington Post” сонинд нийтлэл бичдэг, нэртэй сэтгүүлч хүн. Саудын ханхүү үндэсний аюулгүй байдлыг хангах нэрийн дор олон зуун шашны зүтгэлтэн, бизнесийн лидерүүд, хүний эрхийн төлөө тэмцэгчдийг баривчилж хориод байгаа юм.

Хашогги нь олон арван жилийн турш Саудын эрх баригчидтай ойр ажиллаж, тус улсын тагнуулын газрын даргын зөвлөх байсан нь түүнийг аюултай хүнд тооцох шалтгаан болсон гэж ажиглагчид үзэж байна.

Сүүлийн жил орчим хугацаанд тэрээр Саудын эрх баригчдын явуулж буй бодлогыг хүчтэй шүүмжлэн бичиж байв. Ханхүү Мохаммед Салман саяхан Блүүмбэрг сувагт ярихдаа одоо Саудын Арабт 1,500 орчим хүнийг баривчлаад байгаа нь ямар нэг улс төрийн шалтгаангүй, харин үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан гэх үндэслэлтэй гэж ярьжээ.

Одоо Туркийн прокурорын газар Хашоггигийн хэргийг шалгаж байна. Хэрвээ сэтгүүлчийн амийг консулын газарт хөнөөсөн нь батлагдвал бүс нутгийн томоохон өрсөлдөгчид болох Турк, Саудын Арабын харилцаанд том зөрчил үүсгэх юм.

 

Эх сурвалж: The Washington Post