Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Мандах нар” далбааны маргаанаас болоод Японы хөлөг олон улсын арга хэмжээнд оролцохоос татгалзжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Японы үндсэрхэг үзэлтнүүд Ясүкүни сүмийн дэргэд

Ирэх долоо хоногт Өмнөд Солонгосын Чэжү аралд болох олон улсын арга хэмжээнд Япон улс хөлөг онгоцоо илгээхгүй болсноо Баасан гарагт мэдэгджээ.

“Өмнөд Солонгосын тэнгисийн флотын зохион байгуулах арга хэмжээнд Япон улс байлдааны хөлгөө илгээхгүй болсныг Баасан гарагийн өглөө албан ёсоор мэдэгдсэн” гэж тус улсын засгийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна.

Японы Өөрийгөө Хамгаалах Тэнгисийн Хүчний билэгдэл болох “Мандах нар” далбаатай холбоотой маргаан талуудын дунд сүүлийн хэд хоногийн турш өрнөсөн юм. Өмнөд Солонгосын тал ийм далбаатай хөлгийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхээс татгалзаж, оронд нь Японы төрийн далбааг мандуулахыг хүссэн байна.

Гэвч Японы тал ингэх боломжгүй гэж үзжээ. “Мандах нар” далбаа нь 1889 оноос хойш Японы байлдааны хөлгүүдийг иргэний зориулалттай хөлгүүдээс ялгахын тулд ашиглагдаж ирсэн гэдэг. Гэхдээ дэлхийн хоёрдугаар дайны үед уг далбаа нь Японы милитаристуудын билэгдэл болж, Азийн улс орнуудад танигдсан юм.

Ийм далбаатай байлдааны хөлөг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт нэвтрэх нь солонгос үндэстний түүхийн гашуун дурсамжийг сэргээнэ гэж олон хүн эсэргүүцэж байв.

Өчигдөр бас Хойд Солонгосын хэвлэлд “Мандах нар” далбаатай Японы хөлгийг нутагтаа нэвтрүүлэхгүй байхыг Өмнөд Солонгосын засгийн газарт уриалжээ.

Өнгөрсөн Мягмар гарагт Өмнөд Солонгосын эрх баригч Ардчилсан Намын хууль тогтоогч Ли Сёк Хюн дайны үеийн билэгдлийг ашиглахыг хориглох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа гаргасан юм. Түүний саналаар колоничлолын үеийн Японы билэгдлүүдийг үйлдвэрлэх, хэрэглэх, тараахыг оролдсон иргэнд 3 хүртэл сая воны торгууль оноож, 2 хүртэл жил шоронд хорих шийтгэлтэй байхыг тусгажээ.

АНУ, Хятад тэргүүтэй 15 орны байлдааны хөлгүүд оролцох арга хэмжээ аравдугаар сарын 10-наас 14-ний хооронд Чэжү аралд зохион байгуулагдах юм.

 

Эх сурвалж: Kyodo News