Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгдо эмнэлэг дээр амралтын өдрүүдэд Томуугийн вакцин хийлгэх боломжтой

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 10 сарын 5
СОНГДО зөвлөж байна
Зураг зураг

Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эпидемиологич эмч Г.Болдмаатай томуугаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.

-Томуу өвчний талаар ерөнхий ойлголт өгөөч?

-Жилийн дөрвөн улирал тасралтгүй халдварладаг өвчин бол томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Сэрүүн бүсийн улсад амьдардаг хүн бүр жилд дунджаар 6 удаа томуугаар өвчилдөг гэсэн судалгаа байдаг. ТТӨ-ийг үүсгэгч анхдагч шалтгааны 95 % орчим нь вирус бөгөөд 200 гаруй нэр төрлийн вирус байдаг. Өөрөөр хэлбэл аав, ээж 2 гээд А болон В хүрээ байдаг ба тэдний хүүхдүүд нь 200 гаруй хэв шинжтэй байдаг. Эдгээр нь бүгдээрээ амьсгалын замын хам шинжээр илэрдэг ба ханиалгах нь илүү хүнд явцтай, удаан үргэлжлэх хандлагатай байдаг. Мөн уушгины үрэвсэл, хатгалгаагаар хүндрэх аюултай байдаг. 

- Томуу, томуу төст өвчин хэрхэн халдварладаг юм бол

-Өвчтэй хүн ханиаж найтахад агаарт шүлсний дуслууд цацардаг. Эдгээр дуслуудаар амьсгалах болон эдгээр дуслуудаар бохирлогдсон эд зүйлсээр дамжуулж амруу орж, цаашлаад хоол боловсруулах замаар халдвар авч болдог. Халдвартай хүн шинж тэмдэг эхэлснээс 2-5 хоногийн хооронд бусдад халдвар тараадаг. Ялангуяа бага насны хүүхэд илүү удаан хугацаанд халдвар тараадаг.

- Халдварын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Халдвар аваад ихэвчлэн 1-2 хоног, заримдаа 5 хоногийн дараагаас ханиалгах, халуурах, толгой өвдөх, ядарч сульдах, хамар битүүрэх, хоолой торох, халуурах, суулгах зэрэг шинж тэмдэг цочмогоор илэрдэг. Хүмүүсийн дархлаанаас хамаарч хөнгөн, хүндэвтэр, хүнд, хэт хүнд илэрч болдог.  Мөн настай хүмүүст зөвхөн ядрах байдлаар илэрч болдог. 

- Ямар эмчилгээ хийвэл хурдан эдгэрэх бол?

-Мэргэжлийн эмчид хандаж, ялган оношлуулж, зөв цагт зөв эмийг зөв тунгаар уух шаардлагатай. Дур мэдэн эм хэрэглэх нь тухайн вирусыг дасалд хүргэдэг. Энэ нь сүүлдээ ямар ч эм хэрэглэсэн нөлөөлөхгүй болно гэсэн үг. Тиймээс заавал эмчид үзүүлэх эсвэл урьдчилан сэргийлэх шаардлагатай.

 

- Урьдчилан сэргийлэх аргуудын талаар юу гэж зөвлөх бол

-Халдвартай хүнтэй 2 метрээс илүү ойртохгүй байх, гараа сайтар угаах, эсвэл гар халдваргүйжүүлэх уусмалаар халдваргүйжүүлэх, шаардлагагүй бол хүнтэй гар барихгүй, олон нийтийн газар эд зүйлсээс барихгүйг хичээх, биеэ чийрэгжүүлэх замаар халдварт мэдрэг байдлыг багасгах, чанартай хоол хүнс хэрэглэх, мөн С витамин уух, хамар болон хоолойгоо содын уусмалаар зайлах гээд бидний мэддэг олон аргууд байгаа.

Мөн томуугаас урьдчилан сэргийлэх эм, бэлдмэлүүд олон байдаг. Гэвч урьдчилан сэргийлэх эм бэлдмэлүүд нь хангалттай үр дүн үзүүлдэггүй. Учир нь дийлэнх нь А хүрээнд үйлчлээд В хүрээнд үйлчилдэггүй. Мөн эдгээр нь эсрэг заалттай бодис их агуулсан байдаг учир харшил үүсгэх эрсдэлтэй. Тиймээс томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцин юм.

- Томуугийн вакцин хийлгэх нь хэр үр дүнтэй вэ?

-Вакцин нь томуугийн вирусыг идэвхигүйжүүлээд, цэвэршүүлээд хуурамчаар дархлаа тогтоож байгаа жинхэнэ вирусын эсрэг бүтээгдэхүүн юм. Энэ нь эм, бусад бэлдмэлүүдийг бодвол харшилах зүйл бага, гаж нөлөөгүй, үл нийцэл багатай, удаан хугацаанд үйлчилгээтэй, эдийн засгийн хувьд үнэ хямдтай байдаг. Иймээс улирлын ханиад томуунд вакциныг хэрэглэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага санал болгодог.

Манайд ДЭМБ-ийн зөвлөмжийн дагуу үйлдвэрлэгдсэн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй вакцин байдаг.  УБ Сонгдо эмнэлэг нь 2012 оноос хойш одоог хүртэл Солонгос улсын Грийн кросс компанийн Жи Си Флү нэртэй вакцинаар жил бүр дархлаажуулалтын ажлыг хийж байгаа.

- Вакцин хийлгэхэд нас заах уу?

-Ханиад томууны халдваргүй, халуунгүй, өндөг тахианы маханд харшилгүй, уналт таталтын эсрэг эм хэрэглэдэггүй, тураалгүй, 6 сартайгаас дээш насны бүх хүмүүс сайн дураараа хийлгэж болдог.

- Танай эмнэлэгт томуугийн вакциныг хийлгэх боломжтой юу?

-Эмнэлгийн орчинд, сайн дурын дархлаажуулалтын үндсэн дээр 6 сартайгаас 35 сартай буюу 3 хүртлэх насны хүүхэд тал тунгаар сарын зайтай 2 удаа, 3-аас дээш насны хүүхдүүд болон том хүмүүс бүтэн тунгаар 1 удаа, булчинд хийлгэх заавартай байдаг. Сонгдо эмнэлэг дээр Даваагаас Бямба гарагт 8.30-17.30 цагийн хооронд, Ням гарагт 10.00-14.00 цагийн хооронд ирээд 1 хүн/тунг 35,000 төгрөгөөр хийлгэх боломжтой.

- Томуугийн вакцин хэр удаан үйлчлэх вэ?

-Ханиад томууны эсрэг GCFLU вакциныг та хийлгэснээр таны биед ханиад томуугийн халдварын эсрэг дархлаа тогтож, уг халдвараар өвчлөхгүй байх магадлал 80-90 хувь болно. Энэхүү дархлаа нь дунджаар 1 жил хадгалагдана. Иймээс өндөр үнэтэй, зохисгүй эм, бэлдмэл антибиотикийн хэрэглээнээс зайлсхийе.

Зураг